Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтай энэ сарын 12-ны өдөр уулзсан уулзахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалын талаар ярилцжээ.
Уулзалтаар талууд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэл, ЭСЯ-ны дэргэдэх Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа болон ОХУ-д суралцдаг Монгол оюутнуудыг ирэх сараас танхимын сургалтад хамруулах боломжийг хангах зэрэг хоёр орны харилцааны өргөн хүрээний цаг үеийн асуудлаар санал солилцсон гэж ГХЯ-наас мэдээлжээ.
Өмнө нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар нар утсаар ярих үеэр хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон. Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцсон. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх есдүгээр сарын 2-нд болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьсан билээ.