Архангай аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаана өчигдөр болж АН-ын бүлгээс Мишкагийн Батжаргалыг нэр дэвшүүлэх санал оруулж иржээ. Хуралдаанд аймгийн 39 төлөөлөгчийн 38 нь оролцсон байна. М.Батжаргал төлөөлөгчдийн 60.5 хувийн санал авч Засаг даргаар сонгогдсон тул ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.
Мөн хуралдаанаар 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлуулах, 2021 оны тодотгосон төсвийг батлах, орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлуудыг хэлэлцсэн байна.
Өнгөрсөн сард тус аймгийн ИТХ хуралдан Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан. Аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг Д.Золжаргалыг огцруулах саналыг дэмжээгүй ч АН-ын хоёр төлөөлөгч МАН-тай нэгдэж, Засаг даргаа огцруулах бичигт гарын үсэг зурсан гэдгийг хүлээн зөвшөөсөн байдаг.
Д.Золжаргалыг огцруулах болсон шалтгааныг зарим нь АН-ын дарга С.Эрдэнэтэй холбож байсан юм.