Дархан-Уул аймгийн Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хот, суурин газрын суурьшлын бүсэд хортой могой орж ирэх тохиолдлууд гарч байгаатай холбогдуулан могойн аюулаас урьдчилан сэргийлэн тандалт, үзлэг, хайгуулын ажлыг зохион байгуулж байна.
Уг ажлын явцад энэ сарын 16-нд Дархан сумын 9 дүгээр багийн 4-1 дүгээр байрны дэргэд байрлах Т-Март дэлгүүрийн авто зогсоолоос бамбай хоншоорт могой олжээ. Могойг барьж, байгальд шилжүүлэн тавих ажлыг хийжээ.
Иймд өндөр өвстэй ногоон байгууламжинд могой байж болзошгүй тул иргэд сонор сэрэмжтэй байхаас гадна, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй тоглуулахгүй байхыг анхааруулж байна.
Хот, суурин газрын суурьшлын бүсэд хортой могой орж ирэх тохиолдлууд гарч буй бөгөөд хотын суурьшлын бүс рүү могой орж ирсэн тохиолдолд оролдохгүй байхыг мөн сануулсан юм.