-Афганистаны дайнд АНУ-ын 2448 цэрэг алагдаж, Вашингтоны эрх баригчид 2 их наяд доллар зарцуулжээ. Хорин жил үргэлжилсэн Афганистаны дайны дараа эвдэрч сүйдсэн хот тосгон, айдас хүйдсээр дүүрэн нийгэм, эх орноосоо дүрвэн гарахыг хүсч байгаа дайны хөлд ядарч туйлдсан олон сая хүн үлдэж байна.-
Афганистанд яг одоо өрнөж байгаа үйл явдлыг дэлхийн хэвлэлүүд технологийн зууны дайны хар ул мөр шингээсэн түүхэнд үлдэх аймшигт үйл явдал хэмээн нэрлэж байна. АНУ-ын талыг баримтлагч Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани өнгөрсөн Ням гарагт (2021.08.15) Талибан хөдөлгөөнийхөн Кабулыг эзлэхтэй зэрэгцэн эх орноосоо дүрвэхдээ Кабулын нисэх буудал дээр гурван машин долларттай очсон дуулиан яригдаж байна.
Ашраф Гани Тажикистан руу дүрвэж тэндээсээ гурав дахьч орон руу гарсан мэдээ байна. Талибанчуудад бууж өгсөн Засгийн газрын хүчний цэргүүд ч тарж бутраад байгаа бөгөөд хөрш орнууд болох Узбекстан, Тажикстан улсруу хэсэг бүлгээрээ зугтааж байна. Даваа гаригт (2021.08.16) Афганистаны нисэх хүчний цэргийн онгоц Узбекстан улсын агаарын орон зайг нэвтэрч ормогцоо сүйрсэн байна. Ослын шалтгаан тодорхойгүй бөгөөд Узбекстаны ПВО буудсан байж магадгүй талаар мэдээлж байна.
Мөн хуурай газраар Афганы армийн 84 цэргийн албан хаагч Узбекийн хилээр орох гэж байгаад Узбекийн хилийн цэргүүдэд баригдсан бол Тажикстан улсын агаарын хилээр Афганистаны цэргийн тээврийн онгоц нэвтэрч орсон бөгөөд 100 орчим цэргийн албан хаагчтай газарджээ.
Талибаны дайчид асар богино хугацаанд Афганистаныг бүрэн эзэлсэнд тус улсаас бүх цэргээ татах шийдвэр гаргасан Жо Байдены нэр хүнд АНУ-д унаж эхэллээ.
Даваа гаригт (2021.08.16) АНУ Кабул хотын нисэх буудалд түүхэнд бичигдэх томоохон нүүлгэн шилжүүлэлт хийсэн юм. Талибаны цэргүүд Засгийн газрын ордонд төр, засгийн эрх мэдлийг хэрхэн шилжүүлэх талаар хэлэлцээ хийж байх үед АНУ-ын армийн US CH-47 Chinook зэрэг нисдэг тэрэгнүүд Кабул дахь АНУ-ын ЭСЯ-наас америк иргэдийг Хамид Карзай олон улсын нисэх буудал руу тасралтгүй зөөж байжээ.
Энэ өдөр Хамид Карзай буудалд олон мянган афган иргэд цугларч эмх замбараагүй байдал үүслээ. Тэд бол Талибын дэглэмээс зугтахыг хүсч, эх орноо орхихыг хүссэн афганчууд байсан бөгөөд Хамид Карзай олон улсын буудалд 20.000 иргэн цугларсан мэдээ байна.
Кабулаас хөөрөхөөр бэлтгэж байсан Америкийн нисэх хүчний ачааны зориулалттай С-17 онгоцыг афганы иргэд аль хэдийнэ эзлэн дүүрэн хүн суусан байсан ч онгоцон суухыг хүссэн мянга мянган иргэд дайрсаар байжээ. Нисэх буудлыг хамгаалдаг АНУ-ын цэргүүд дүрвэгчдийн эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд хэд хэдэн удаа буудах үед олон хүн шархдаж, таван хүн алагдсан байна.
Үймээнтэй зэрэгцэн Кабулаас Катарын Доха хот руу ниссэн нисэх хүчний ачааны зориулалттай С-17 онгоц 640 зорчигчтой хөөрчээ. Тус онгоц энгийн үедээ 134 цэрэг тээвэрлэдэг ч дүүртэл суусан дүрвэгчдийг орхиогүй байна.
Онгоц агаарт хөөрөхөөр нислэгийн зурвас дээгүүр гүйж байх үед ч онгоцонд суухыг хүссэн иргэд зурвасын талбайг орхилгүй даган гүйж байсан нь өнөөдөр дэлхийн хэвлэлүүдээр цацагдаж, олон зуун хүнийг эмзэглүүлж байна. Онгоцны далавчин дээр гарч, дугуйнаас зүүгдэж агаарт хөөрсөн 3 хүн унаж амиа алдаж байгааг нисэх буудлын зурвас дээр байгаа афганчууд, лайв бичлэг үзээд сууж байсан сая сая хүмүүс харлаа.
Эх сурвалж: NHK, RT, GAZETA