Талибууд энэ улсад гарч ирснээр эмэгтэйчүүдийг гивлүүрээ тайлахыг зөвшөөрөхгүй байх, багахан алдаа гаргахад хөнөөх зэрэг дунд зууны хэм хэмжээнд шилжих магадлалтай байна.
“Талибан” хөдөлгөөний дайчид ням гарагт Афганистаны бүх газар нутгийг авснаа зарлаж, газрын бүх хилээ хаасны дараа эндхийн эмэгтэйчүүд боловсрол эзэмшихийг хориглох, гэрээсээ гивлүүргүйгээр гарахгүй байх, машин жолоодохыг хориглох, ерөнхийдөө эхнэр, татвар эмийн үүргээс бусдыг биелүүлэх боломжийг нь боомилох аймшигт хуульдаа эргэн орох вий хэмээн сэтгэл түгшин хүлээж эхэлжээ.
Кабулд эмэгтэйчүүдийн зурагтай плакатыг будаж байгаа ажилчид ч үзэгдэж эхэлсэн байна.
Үүнээс гадна интернэтээр нэгэн залуу бүсгүй амь нас нь аюулд орсноо уйлан хайлан ярьжээ. “Бидний тоонд оруулахгүй. Яагаад гэвэл Афганистанд төрсөн болхооор. Биднийг хэн ч хайрлаж, халамжлахгүй байхаар заяасан” хэмээн богино хэмжээний бичлэгтээ өгүүлжээ.
Афганистанд төрж өссөн хүний эрхийг хамгаалагч Камила Садики бүсгүй өдгөө гэр бүл нь амьдардаг Британидаа очихоор төлөвлөж байна гэжээ. Тэрбээр 2007 онд Британийн иргэншилтэй болсон юм. Талибуудын дэглэмийн үед төрж, нууцаар боловсрол эзэмшсэн энэ бүсгүйд 8-тай байхад л эх оронд нь охидыг сургуульд явахыг хориглож, гэрт нь эмэгтэйчүүдэ оёж шидэх хичээл оруулдаг болжээ. Түүний тухай “Хаир Хана оёдолчин” хэмээх роман бичсэн нь бестселлер болж байв.
Камила Британид 2007 онд нүүж ирээд, Афганистаны дүрвэгчтэй гэр бүл болжээ. 2014 онд тэрбээр Кабулдаа эргэн ирж, улс төрд орж, тухайн үеийн Ерөнхийлөгчийн захиргааны дэд тэргүүн болоод, сүүлд нь Худалдааны дэд сайд болжээ.
Өдгөө энэ эмэгтэй Кабулын нисэх онгоцны буудал талибуудад эзлэгдээд, улс орноос гарч явж чадахгүйд болгоомжилж байна. Дайчид газрын бүх хилийг хаасан учир өдгөө Афганистанаас зөвхөн агаараар л гарах боломжтой юм. Цэргүүд онгоцоор дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Хүмүүс онгоцнууд руу дайрч, дугуй, далавчнаас нь хүртэл зүүгджээ.
Кабул дахь охидын сургуулийн захирал бүсгүй ч амь насаа алдах вий хэмээн эмээж байна. Хатагтай Насрин Султани соён гэгээрүүлэх ажил хийснийхээ төлөө өөрт нь талибуудаас хэд хэдэн удаа заналхийлэл ирж байсан гэжээ.
“Үнэхээр гунигтай байна. Энэ бүх охидыг хараад би сэтгэлээр маш их унаж байна. Би хичээсэн. Гэвч бид эмэгтэйчүүдийг энэ хэцүү байдлаас гаргах гээд чадсангүй” хэмээн Султани өгүүлж байна.
Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, парламентын гишүүн асан Фавзия Куфи ирээдүйд Афганистаны эмэгтэйчүүдийн байдал илүү бүрхэг болно, эмэгтэйчүүд өөрийн гэр орондоо хоригдох болно гэжээ.
Өнгөрсөн жил Rukhshana Media хэмээх мэдээний шинэ вэб сайт нээсэн сэтгүүлч Захара Жойя бүсгүй талибуудын хяналттай амьдралд эргэн орох вий хэмээн болгоомжилж байна гэжээ. “Би сургуульд явж, боловсрол олж авахын тулд эрэгтэй хүүхэд шиг хувцаслахаас өөр аргагүй байсан. Талибууд охидын бүх сургуулийг хаахад би гарц олсон нь энэ. Би эрэгтэй хүүхэд болон хувирч, Мохаммад гэдэг нэр хүртэл авсан. Би тэр хар өдрүүддээ эргэн очихыг хүсэхгүй байна” хэмээн Захара өгүүлжээ.
Үүнээс гадна талибуудын хяналт дор Афганистаны эмэгтэйчүүдийг хүчээр, эрт гэрлүүлэх аюултай. Залуухан бэлэвсэн бүсгүй, салсан эмэгтэйчүүдийг хүчээр нөхөрт гаргаж, тосгодод 12-оос дээш насны охидыг нөхөрт гаргахын тулд жагсаалт гаргах нь энүүхэнд.
“Хэрвээ тэд намайг ингэх гэж ирвэл би өөрийгөө егүүтгэнэ. Бидний хувьд энэ бол цорын ганц гарц” хэмээн саяхан нөхрөө алдсан нэгэн эмэгтэй ярьжээ.
Талибуудын дэглэмийн үед охидыг найман наснаасаа эхлэн эрчүүд дагуулахгүйгээр гадуур авч явахыг хориглох болсон юм. Тэднийг нөхөр нь, эсвэл төрөл төрөгсөд нь биш л бол ямар ч эрэгтэйгээ харилцахыг хориглоно. Өсгийтэй гутал өмсөж, нүүр, хумсаа будах хориотой бөгөөд чанга ярьж болохгүй, тагтан дээр гарч болохгүй, радио, телевизээр ярьж болохгүй. Эмэгтэйчүүд зургаа авахуулах хориотойгоос гадна нэгдүгээр давхрын бүх цонхыг будаж, дотор нь байгаа эмэгтэйчүүдийг гаднаас харуулдаггүй байжээ.
Афган эмэгтэйчүүдийг заавал гивлүүр зүүх ёстой гэж үзнэ. Учир нь эмэгтэй хүний нүүр ил байх нь эрчүүдийг “ёс суртахууны хувьд цэвэр” байсан ч гэсэн муу зүйл рүү хөтөлдөг гэж талибууд үздэг ажээ.
Эх сурвалж: Focus.ua