Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани талибуудад бүслэгдсэн хотоос зугтаж байгаа мэт биш, харин аялалд гарч байгаа мэтээр Кабулаас гарч явжээ. Шатаар аажмаар авирч, үдэж буй хүмүүсээр гар даллуулж, 1 -р дугаарын онгоцонд сууж байгаа нь бичлэгээр гарчээ.
Гэхдээ уг бичлэгийн ард барууны талыг баримтлагч афган удирдагчийн ачаа тээш харагдалгүй үлдсэн байна. АНУ-ын тавиул тэрбээр 5 сая доллар хамж аваад улс орноосоо зугтсан талаар Kabul News теле суваг мэдээлжээ. Энэ мэдээлэл талибууд хэвлэл мэдээлэлд хяналт тавихаас ч өмнө гарсан юм.
Ганиг Ерөнхийлөгчийн ордноос Кабул хүртэл дагаж явсан гурван машинд бэлэн мөнгө дүүрэн ачсан байжээ. Тэд үүнийгээ нэг их нуулгүй, зарим хэсгийг нь онгоцонд ачиж, эхлээд Тажикистан руу ниссэн бол дараа нь гуравдагч орон руу нисчээ. Гэхдээ чухам ямар улсад очсон, хаашаа алга болсон нь тодорхойгүй байна.
-Бэлэн мөнгөний зарим хэсгийг нисдэг тэргэнд чихэхийг оролдсон. Гэхдээ бүгд багтаагүй хэмээн Кабул дахь Оросын ЭСЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Никита Ищенко сэтгүүлчдэд ярьжээ.
-Мөнгөний зарим хэсэг нь зүгээр л нислэгийн зурваст үлдчихсэн гэжээ.
Ашраф Гани бол Кабулын захын худалдаачин биш юм. Вашингтоноос түүнийг боловсролтой, зөв, хөдөлмөрөөрөө амьдардаг хүн гэдэг байв. Гани нь Жон Хопкинсын их сургуулийн антропологийн профессор байсан бөгөөд Харвард, Стэнфордод лекц уншдаг байв. Дараа нь академикийн карьераасаа илүү амьдралд ойр карьер руу шилжиж, АНУ-д “Төрийн үр дүнтэй байдлын хүрээлэн” хэмээх ашгийн төлөө бус байгууллага байгуулалцаж, дайны хөлд нэрвэгдсэн улс орныг хэрхэн босгох вэ гэсэн сэдвээр судалгаа шинжилгээ хийж, Дэлхийн банк, НҮБ-д ажиллаж байлаа.
Сонирхолтой нь Гани нэгэн цагт ЗСБНХУ Афганистанаас гарсаныг талархан хүлээн авч, “Зөвлөлтийн дайчид Афганистаныг орхилоо. Учир нь Кабул дахь утсан хүүхэлдэйн дэглэм нь цаг хугацааны л асуудал байлаа” хэмээн 1989 онд бичиж байв. Гэтэл тэрбээр тухайн үеийн удирдагч Мохаммад Нажибуллагаас ялгаатай нь “ардчиллыг хамгаалах”-ын төлөө тэмцсэн ч үгүй, аюулгүй газар луу сүүлээ хавчин зугтав.
Эх сурвалж: Kp.ru