Сүүлийн үед коронавирусын халдварын тохиолдлын арван хувьд “Дельта” хувилбар илэрч байгаа учраас халдварын нөхцөл байдлыг судлан тооцоолж байгаа Эрдэмтдийн зөвлөл дахин судалгаа хийх шаардлагатай тулгарчээ. Коронавирусын “Альфа” хувилбарын шинж тэмдэг илрэх нууц үеийн хугацаа 3-14 хоног байсан бол “Дельта” хувилбарын нууц үеийн хугацаа 4.3 хоног, тархалт хурдан байгаа нь шинэ тооцоолол гаргах хэрэгтэй болжээ.
Өмнө нь тархсан Covid-19-ийн “Альфа” хувилбарын тархалт дарагдаж байгаа ч шинээр бүртгэгдэх тохиолдлуудыг “Дельта” хувилбар давамгайлах магадлалтай байгаа учраас судалгааг есдүгээр сарын 1-нээс өмнө хийхээр зорьж байгаа гэнэ. Судалгаа бүрэн дуусаагүй байгаа учраас шинэ давалгаа хүчтэй гарч ирэх үү гэдэгт хариулах боломжгүй байна гэж
УОК-ын дэргэд бүрдсэн судалгаа шинжилгээний багийн эрдэмтэн, МУИС-ийн багш, судлаач доктор Т.Бэгзсүрэн news.mn сайтад өгсөн ярилцлагдаа дурджээ.
Мөн Хятад вакцин “Дельта” хувилбарын эсрэг сайн үр дүнтэй байж магадгүй. Дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар “Дельта” хувилбарын 14-25 хувь вакцины үр нөлөөнд буурах магадлалтай гэж дурдсан байгаа. Эндээс тооцоод үзэхээр харьцангуй бага цохилт авч магадгүй гэсэн таамаглал байна. Гэхдээ бид хэт их найдаж болохгүй. Байж болох хамгийн муу хувилбараар нь бэлдэх шаардлагатай юм.
Одоо бол хөл хорио тогтоохоос илүү вакцинжуулалтад илүү найдах цаг болсон. Вакцинжуулалтын нөлөө их байгаа учраас хөл хорих талаар ярихгүй байх. Бүр нөхцөл байдал хүчтэй хүндрээд ирвэл хөл хорио тогтоохоос аргагүй байдалд орно. Ингэхдээ хэсэгчилж хөл хорио тогтоох магадлалтай. Ер нь хөл хорио тогтоох талаар ярихгүй хэмээн өгүүлжээ.