Засгийн газар өнгөрсөн Лхагва гаригт оюутан, сонсогч, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулна. Тариалан эрхлэгч ААН-үүд өдрийн 50.000 төгрөгийн цалингаар ажиллуулах саналаа ирүүлсэн хэмээн мэдэгдсэн.
Ургац хураалтад их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ажиллуулах бөгөөд ААН-үүд Хөдөлмөрийн гэрээ байгуулж 50 мянга болон түүнээс дээш төгрөгийн цалин олгох аж.
Ургац хураалтын ажилд оролцох хүсэлтэй иргэд наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Монголын залуучуудын холбооны төв байранд хүрэлцэн ирж, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй уулзах, мөн цахим хаяг, утсаар холбогдон бүртгүүлэх боломжтой.
Энэ онд улсын хэмжээнд 416.8 мянган га-д үр тариа, үүнээс 385 мянган га-д улаанбуудай, 19 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86 мянган га-д тосны ургамал, 80 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 616.6 мянган га-д тариалалт хийжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 26.7 мянга, төмс 1.6 мянга, хүнсний ногоо 877 га-гаар тус тус ахиу байна.