Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто Монгол Улсад өчигдөр (2021.07.29) ажлын айлчлал хийлээ. Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, харилцан сонирхсон олон улсын асуудлаар санал солилцлоо.
Мөн Монгол, Унгарын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаар тохиролцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг боловсролын салбар нь хоёр талын харилцааны тэргүүлэх чиглэл болохыг онцолж, соёл, кино урлаг болон археологийн чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Айлчлалын хүрээнд П.Сияяарто сайд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхантай уулзаж ярилцлаа.
Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто Унгарын Засгийн газраас хүмүүнлэгийн дэмжлэг болгон өгсөн манай улсад нэн хэрэгтэй байгаа 33 ширхэг амьсгалын аппаратыг хүлээлгэн өгөв.
Эх сурвалж: ГХЯ