М.ТУНГАЛАГ
Хуш модны самар, үр өөрийг нь тамлагч болон хувирчээ. Давирхайдан наалдуулж, болтол нь үрээ хамгаалдаг энэ модны үр-самарыг цагаас нь өмнө салгахаар хүч хэрэглэн балбан тамлаж байна.
Сибирь хуш хэмээх энэ гайхалтай мод зөвхөн Оросын их тайга, Монгол, тэр дундаа Хэнтийн уулсыг даган байршдаг Улаанбаатарын хаяанд хүртэл ургадаг.
Самар түүхийг тас хориглоогүй шүү дээ. Болц нь гүйцэхээр, 9 сарын 15-наас хойш зөвшөөрч байгаа. Гэтэл 8 сар гарав уу, үгүй юу балбаж эхэлж байна.
Хүмүүн биднээс хэд дахин урт насалдаг, хэд дахин өндөр, сүрлэг энэ модыг хөл ургаад гүйхгүй, гар ургаад далайхгүйгээр нь далимдуулж сүйтгэж байна. Энүүхэн хаяанд, хотын ногоон бүсэд хуш мод сүйрч байна. Ядаад хамар дорх хуш модоо хамгаалж болохгүй гэж үү?
ЯАХ ВЭ?
Одоо зогсоох цаг болсон. Дан ганц төрийн хүчээр дийлэхгүйг олон жил харлаа. Дүрэм журам, хууль, бүтэц-эко цагдаа, байгаль орчны байцаагч, мэргэжлийн хяналт гаргалаа. Дийлэхгүй ээ. Ой нь дэндүү том, гүн, сүйтгэгчид нь олуул байна.
Олон нийтийг уриалж, байгалийг хамгаалах хүслээр дүүрэн иргэдийг дайчилж үзмээр байна. Өнөөдөр хүн бүр мэдээллийн хэрэгсэл болж хувирсан шинэ нөхцөл байдалд шинэ менежмент санал болгомоор байна.