Өнгөрсөн онд хуурай ханиалгах, халуурах нь “COVID-19”-ийн гол шинж тэмдгүүд байв. Харин толгой, үе мөч өвдөх шинж тэмдэг илэрч байвал томуу, нус гоожиж, хоолой өвдвөл ханиад хүрсэн хэмээн оношилж байсан юм.
Үүнээс үзэхэд, цар тахлын эхэн үед “COVID-19”-ийн шинж тэмдгүүдийг бусад өвчнөөс ялгахад илүү хялбар байсан гэж хэлж болно. Мөн үнэр, амтлах мэдрэмжээ алдах нь коронавирусний халдвар авсныг голчлон илтгэж байсан бөгөөд одоо ч зарим хүнд эдгээр зовуурь илэрч байна.
Их Британийн судлаачид “COVID-19”-өөр халдварласны дараа илэрч буй шинж тэмдгүүдийн талаарх хамгийн сүүлийн үеийн судалгаагаа танилцуулжээ. Энэхүү судалгаагаар халдвар авсан хүмүүсийн гар утасны хавсралтаараа дамжуулан мэдээлсэн шинж тэмдгүүдийг судалжээ.
Судалгааны дүгнэлтээс үзэхэд, “COVID-19”-ийн шинж тэмдгүүд өөрчлөгдсөн бололтой байна. Энэ нь Их Британид илэрч буй халдварын шинэ тохиолдлуудын 99 хувийг эзлэх болоод буй коронавирусний “Дельта” хувилбартай холбоотой байж болох юм.
Вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст ямар шинж тэмдэг түгээмэл илэрч байна вэ?
“COVID-19”-ийн вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй хүмүүст ерөнхийдөө ижил шинж тэмдгүүд илэрсэн гэж судалгаанд дурджээ. Гэсэн хэдий ч вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст илүү цөөн шинж тэмдэг богино хугацаанд илэрч байгаа нь ажиглагдсан нь хүндээр өвчлөх эрсдэл бага, хурдан эдгэрнэ гэдгийг нь харуулсан байна.
Хэдийгээр вакцинд хамрагдсан хүмүүс ч мөн коронавирусээр халдварлах боломжтой боловч тэдэнд хөнгөн шинж тэмдэг илэрч, өвчин хүндрэх, нас барахаас сэргийлнэ гэдгийг энэхүү судалгаа батлан харуулжээ.
Хоёр тун вакцинд хамрагдсан хүмүүст хамгийн түгээмэл илэрсэн шинж тэмдгүүд: толгой өвдөх, нус гоожих, найтаах, хоолой өвдөх, үнэрлэх мэдрэмжээ алдах
Эдгээр шинж тэмдгийн дийлэнх нь томуугийн үед түгээмэл илэрдэг. Тиймээс энэ хоёр өвчнийг андуурах магадлал өндөр байгаа нь Их Британид “Дельта” хувилбар тархахад нөлөөлж байж магадгүй ажээ.
Вакцинд хамрагдаагүй хүмүүст ямар шинж тэмдэг түгээмэл илэрч байна вэ?
“COVID-19”-ийн вакцин хийлгээгүй хүмүүсийн хувьд шинж тэмдгүүд нь бага зэрэг өөр байна. Хэдийгээр зарим шинж тэмдэг хэвээр байгаа ч жил хагас орчмын өмнө илэрч байсан вируснийхтэй харьцуулахад өөрчлөлтүүд ажиглагджээ.
Вакцинд хамрагдаагүй хүмүүст түгээмэл илэрч буй шинж тэмдгүүд: толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, халуурах, удаан хугацаагаар ханиалгах
Харин үнэрлэх мэдрэмж алдагдах нь шинж тэмдгийн жагсаалтын есдүгээрт жагссан бол амьсгал давчдах шинж тэмдгийн хувьд нэлээн доошилж, 30 дугаарт бичигджээ. Ийнхүү илрэх шинж тэмдгүүд өмнөхөөсөө өөрчлөгдсөн нь вирусний хувьссан хувилбаруудтай холбоотой хэмээн судлаачид үзэж байна.
Эх сурвалж: DW, MONTSAME