“Жюү жицү” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн асрамж, халамжийн “Өнөр бүл” төвд жюү жицү бие хамгаалах урлагийн заал, талбайг “Thunder MNA” нэртэйгээр тохижуулан, үйл ажиллагаагаа өнөөдөр нээлээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Монголын Жюү Жицүгийн холбоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль хамтран хүүхдийг бие хамгаалах урлагаар дамжуулан өөрийгөө хамгаалах, бусад ур чадваруудыг эзэмшүүлэхээр “Жюү жицү” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Монгол HD телевизээс зохион байгуулсан “Ододтой бүжиглэе” шоуны ялагч, холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивласан билээ. Хандивыг Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч нар хүлээн авч хүүхдийн асрамж, халамжийн “Өнөр бүл” төвд энэхүү бие хамгаалах урлагийн заал, талбайг тохижуулжээ.

“Thunder MNA” жюү жицүгийн клубийн нээлт “TOKYO 2020” олимпын нээлтийн өдөртэй давхцаж буйгаараа онцлог, юм. Ирээдүйд олон арван олимпын медальтай тамирчин энэ дэвжээнээс төрөн гарахыг “Ододтой бүжиглэе” шоуны ялагч, холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр нээлтийн үеэр ерөөлөө.

Нээлтэд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хaйкенс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, “Ододтой бүжиглэе” шоуны ялагч, холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр, Хөдөлмөрийн Баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Монголын Жюү Жицүгийн холбооны ерөнхийлөгч С.Мөнхсүх болон бусад хүн оролцлоо.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн асрамж халамжийн “Өнөр бүл” төв нь төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны бүтэн өнчин, эцэг эхийн хайр халамжаас гадуур байгаа хүүхдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц хөгжил, хамгаалал, хүүхэд асрах үйлчилгээ үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм. Тус төвд одоогоор 186 хүүхэд амьдарч байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн