Коронавируст халдварын тархалт ихэссэнээс хойш ОХУ болон БНХАУ хилээ хааж, монголчуудыг хүлээн авахаас татгалзсан. Энэ шийдвэр нь тус улсыг зорих гэсэн иргэд тэр дундаа оюутнуудад хүндрэл учруулж байгаа юм.
Тиймээс ОХУ-д суралцдаг оюутнууд нэгдэн УОК болон Гадаад харилцааны яаманд сургуульдаа очиж суралцах боломжоор хангах хүсэлт хүргүүлжээ. ОХУ-ын их дээд сургуулиуд зайнаас суралцаж буй гадаад оюутнуудад өөрсдийн хүсэл, хүчин чармайлтаар шийдэх боломжгүй шаардлагууд тавьж байгаа.
Энэ нь гадаад оюутнууд заавал сургууль дээрээ очиж суралцахаас өөр аргагүйд хүргэсэн тул оюутнууд сайн дураараа нэгдэн Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл НҮТББ олон ОХУ, ЗХУ-д төгсөгчдийн МАВСУЗ холбоонд хандан УОК болон Гадаад харилцааны яаманд хүсэлт тавьжээ.
Монгол Улсаас ОХУ-д 4000 гаруй оюутан суралцдаг байна. 2020 онд хүчтэй дэгдсэн цар тахлын улмаас тэдний 90 орчим хувь нь эх орондоо ирж зайнаас сурч эхэлжээ. 2020 оны хичээлийн жилээс танхимаар хичээллэж эхэлжээ.
ОХУ-ын их дээд сургуулиудад сурч байгаа оюутнуудын хүсэл:
1. 2021-2022 оны хичээлийн жилд биечлэн танхимаар сурахгүй тохиолдолд сургуулиас хасах, эсхүл зарим сургуулиуд нь суралцаж буй чиглэлээр нь Монголд шилжүүлэх асуудал хөндөгдсөн. Харин ОХУ-д суралцахаар зорьсон оюутнуудын хувьд тус улсдаа үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаа аж.
2. 2020-2021 оны хичээлийн жилийн шалгалтаа заавал биечлэн очиж өгөх ёстой. Очиж өгөөгүй тохиолдолд анги дэвшүүлэхгүй байх эсвэл сургуулиас хасагдах эрсдэл маш өндөр болсон.
3. Зарим мэргэжлээс хамааран дадлагаа заавал ОХУ-д биечлэн хийх шаардлагатай, хийгээгүй тохиолдолд дадлагыг тооцохгүй гэж байгаа.
4. Зарим сургуулиуд нь жилийн чөлөө олгох санал тавьжээ. Тиймээс дээрх асуудлыг хоёр улсын дээд түвшинд авч хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг оюутнууд хүсэж байгаа аж.