Монгол Улсын Консерваторий буюу Хөгжим бүжгийн хашаанд Боловсролын үнэлгээний төв барихаар болсныг багш, оюутнууд эсэргүүцсэн багш, оюутнууд БСШУ-ны яаманд хандаад байгаа. Өчигдөр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын Консерваторийг цаашдаа кампус хэлбэрээр хөгжүүлье гэсэн ерөнхий төлөвлөгөөнүүд хийгдсэн. Одоогийн Консерваторийн 650 хүүхдийн ашиглалтын хугацаа нь дууссан сургуулиудыг шинэээр барих, зориулалтын концертын, спортын заал барих, дотуур байрыг өргөтгөж, номын сан, багш нарын хөгжлийн төв баръя гэж ерөнхий макет хийгдсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ нь батлагдаж, ажлууд явагдаж байгаа. Консерваторийн хулгайгдсан газрыг авчирсныг эсэргүүцэж өнөөдөр жагсаал хийж байна гэж би харж байна” гэж мэдэгдсэн байгаа.
Өнөөдөр багш, оюутнууд дахин хэвлэлийн хурал зарлаж, байр сууриа илэрхийллээ. Тэд:
-Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бидний эсэргүүцлийг улс төрийн захиалгат гэж хэлснийг та бүхэн мэднэ. Бидэнд ямар нэгэн улс төрийн зорилго байхгүй. Хамгийн гол нь зориулалтын газарт нь зориулалтын барилгаа барихыг л шаардаж байна. Тиймээс Боловсролын үнэлгээний төвийн барилга барих нэрийдлээр газрын наймаа хийхийг эсэргүүцэж байгаа юм. Боловсролын үнэлгээний төв баригдсанаар хүүхдүүд гишгэх газаргүй, машинд дайруулбал яах вэ.
Л.Энх-Амгалан сайдын хэлснээр 0.5 га хүрэхгүй газарт л Боловсролын үнэлгээний төвийг барина. Гэвч зураг төсөлтэйгөө зөрж байна. Төслийн зурагнаас харвал маш том барилга. Мөн Л.Энх-Амгалан сайд “Консерватори бол газрыг эзэмшигч, өмчлөгч биш. Боловсролын яам өмчлөгч нь” гэж хэлсэн. Олон нийт төрийн мэдлийн газрыг л эзэмшигч сургууль булаацалдаж эсэргүүцэж байна гэж ойлгохоор байгаа юм. Уучлаарай, Үндсэн хууль болон Төрийн болон Орон нутгийн тухай хуульд яамдын өмчлөлд газар байна гэсэн заалт байхгүй. Үүнийг ноцтой зөрчсөн.
БСШУ-ны сайд “Би танай сургуулийг газраа алдсан байхад нь та нарт авч өглөө. Үүний оронд газрын багахан хэсэгт барилгуудыг бариул” гэж бидэнд тулгаж шаардаж байгаа юм шиг ойлгомжгүй хандла. Зураг төсөл дээр, 0.3 га газарт маш том 10 гаруй давхар барилгын цогцолбор байгаа юм. Ийм барилгад хүүхдүүд хичээллэж чадах уу? Хүүхдийн аюулгүй орчныг нэгдүгээрт тавьж байна.
Яамны харьяа цогцолбор барилгыг заавал Консерваторийн хашаанд биш хуучин циркийн хажууд барьж болно. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр “Бид өмчөө мэддэг юм” гэж хэлсэн нь таалагдсангүй. Энэ үгээрээ биднийг дарангуйлж, дээрэлхэж, элэг барьсан. Гэтэл салбарын сайд төрийн төмөр нүүрээ зургаан настнуудад харуулж байна. Энэ сургуулийн хашаагаар зургаан настнууд хийлээ даахгүй гүйдэг юм. Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Боловсрол шинжлэх ухааны сайд болсноос хойш би мэднэ би чадна гэдэг зүг рүү явж байна. Та ер нь эвдэрч байна. Ахмад хүний үгийг сонсох ёстой гэж бодож байна.