УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2021 оны хаврын чуулганаар хийж хэрэгжүүлсэн гол ажлын таваар товч мэдээлэл өглөө.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хаврын чуулганы бүрэн эрхийн хугацаанд 23 удаа хуралдаж 15 тогтоол хэлэлцэж, УИХ-ын даргын захирамжаар болон Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хууль, УИХ-ын шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, есөн Ажлын хэсэг байгуулан ажиллажээ.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: УИХ-аар батлагдсан гол хуулиудын нэгд Өршөөлийн тухай хууль багтаж байгаа. Үндсэн хуульд Өршөөл үзүүлэх эрхийг зөвхөн УИХ эдэлнэ гэж заасан байгаа. Энэ хуулийн хүрээнд шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш нийтдээ 6 удаа Өршөөлийн тухай хуулийг баталсан.
Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй учраас дээрх хуулийг баталсан. Мөн ДЭМБ болон бусад олон улсын байгууллагаас ковидын өвчлөл нэмэгдэж, хорих ангиудад өвлөгчдийн тоо өсөн нэмэгдэхээс сэргийлэх, ялтнуудаа өршөөх бодлого барих зөвлөмжүүдийг өгч байсан учраас Өршөөлийн хуулийг баталсан. Уг хуульд авлига албан тушаалын гэмт хэрэг, хүний аминд хүрсэн, хүчингийн хэрэг үйлдсэн ялтнуудыг өршөөхгүй. Мөн өмнө нь өршөөлийн хуульд хамрагдсан хүнийг дахин өршөөлд хамруулахгүй гэсэн зарчмыг баримталсан. Уг хуулийн дагуу 150 хоригдол ялаас чөлөөлөгдөж, 371 хоригдлын ялыг хөнгөрүүлсэн.
Иргэд, ялангуяа гэмт хэргийн улмаас хохирол амссан иргэд Өршөөлийн хуульд таатай ханддаггүй. Гэхдээ төр бол алдсан иргэндэээ уучлалт үзүүлдэг. Гэхдээ Өршөөлийн хуульд давтан гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хамрагдаагүй.
Өршөөлд:
-Авилга, албан тушаалын гэмт хэрэг
-Хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн болон хүчингийн гэмт хэрэг
-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэрэг
-Урд өмнө Өршөөлийн хуулиар суллагдсан ч дахин гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хамрагдаагүй. Мөн Өршөөлийн хуульд хамрагдсан этгээдүүд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо заавал нөхөн төлөх асуудлыг хуульд багтаасан.
Хаврын чуулганаар шийдсэн том асуудлуудын нэг нь томилгооны сонсгол хийж томилдог болсон. Тухайлбал АТГ-ын дэд даргын томилгоог олон нийтэд нээлттэй анх удаа томилсон. Ингэснээр халаасны дарга нарыг томилдог жишгийг халж, томилгооны сонсголыг анх удаа хийсэн нь олон нийтэд жишиг болсон, дараагийн томилгооны үеэр албан тушаалд томилогдож байгаа хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг нийтээрээ мэдээд авах боломжийг нээлээ.
Мөн Зөрчлийн хуулиар торгуулсан хүмүүсийн ихэнх нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүмүүс байгаа юм. Одоогоор авто замын торгууль гэгдэх 70 тэрбум төлөгдөөгүй байна. Тухайн иргэн аравдугаар сарын 1-ны дотор өөрт ногдох торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэн 50 хувийг чөлөөлнө гэж хуульд тусгасан. Хэрвээ аравдугаар сарын 1-нээс торгуулиа төлөөгүй бол бүтэн төлөх юм” хэмээн мэдэгдэв.