Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж байна. Анхан шатны шүүхээс С.Баярцогтод нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, 10 жил хорих ял оноон, үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих ял оноогоод байсан юм.
Давж заалдах шатны шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нд уг хэргийг хэлэлцээд Анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан Б.Бадрал нарыг нэг жил хорихоор болсон билээ.