Долоодугаар сарын дундуур Европын хэд хэдэн улсад хүчтэй аадар бороо орсон юм. Тэр дундаа Герман улс байгалийн энэхүү гамшигт хамгийн ихээр өртөж, 100 гаруй хүнээ үерт алдсан бол хэдэн арван хүн одоо болтол ор сураггүй хэвээр байгаа аж.
Хойд Рейн-Вестфалия муж уг үерт хамгийн ихээр өртсөн юм.
Тэтгэврийн хөгшин Рольф Кесер долоодугаар сарын 14-ний орой зурагтаа үзээд сууж байлаа. Гадаа бороо орж, улам л ширүүсэж эхэлжээ. Кессер ч ажиггүй сууж байтал эхнэр нь цонхоор хараад “Энд манай машин хөвж байх шиг байна” гэж гэнэт хэлсэн нь цочирдолд оруулжээ.
Эднийх хоёрдугаар давхарт амьдардаг. Рольф доошоо бууж, подвал нь усанд автчихаагүй байгаа даа хэмээн шалгах гэтэл нэгдүгээр давхар нь тэр чигтээ усанд автсан байж таарчээ. “Тэр шөнө бид хоёр огт унтаагүй. Зогсоод л, тэр бүгдийг харж байлаа” хэмээн тэрбээр ярьжээ.
Рольф Кессерийнх нь Германы Кельн хотоос холгүй орших амралтын Бад-Мюнстерайфель хотод аж төрдөг. Тэдний гэр Эрфт голын эрэгт байрладаг аж. Хотын энэ бүс усанд хамгийн ихээр автсан нь толгодоор хүрээлүүлсэн нам дор газар байрладагтай холбоотой.
Гэрт нь орж ирсэн усны түвшин мөрийг нь давахаар байсан тухай Кессер ярьж байна. Байранд одоо ч хананд нь усны түвшинг заасан хар хүрээ тогтжээ. Усанд нэгдүгээр давхар тэр чигтээ автаж, сууриных нь зарим хэсэг идэгдэж, засмал зам нь арчигджээ. Хотын энэ хэсэгт одоо хэр нь усан хангамж, цахилгаан хэвийн байдалдаа ороогүй, доголдсон хэвээр байна.
Хотыг иргэд нь өөрсдөө цэвэрлэж байгаа гэнэ. Тэд усанд автсан бүхнээ гадаа гаргаж, хаяж байна.
Германы Засгийн газар одоогоор үерт өртсөн хотуудыг сэргээн засах, иргэдэд нөхөн олговор олгоход хэдий хэмжээний мөнгө гарахыг ч тооцоолж чадаагүй байна. Энэ бол сүүлийн хэдэн арван жилд гарч байгаагүй их үер юм.
Хүмүүст цагдаа, гал түймрийнхэн болон армийнхан, сайн дурынхан тусламж үзүүлж байна. Иргэд хандив цуглуулж, байгалийн гамшигт өртсөн хүмүүстээ хувцас, хоол хүнс, нэн шаардлагатай бүтээгдэхүүн цуглуулж өгч байгаа аж. Зарим зочид буудал үерт өртсөн айлуудад үнэгүй хоноглох боломж ч олгож эхэлжээ.
Бад-Мюнстерайфел хотод үерийн үеэр 5 хүн амиа алдсан юм. Харин Герман даяар 150 гаруй хүн үерт амиа алдаж, хэдэн арван хүн сураггүй хэвээр байна.
Эх сурвалж: meduza.io