Эрүүл мэндийн сайд С.Энхболд PCR шинжилгээ болон түргэвчилсэн оношлууртай холбоотой өөрийн цахим хуудсандаа тайлбар хийсэн байна.
Тэрбээр “ПГУ буюу PCR шинжилгээний тухайд.
Иргэд маань маш ихээр ПГУ шинжилгээг төлбөргүй болгож өгөөч гэсэн хүсэлт, шаардлага тавьж байна.
Тус шинжилгээний оношлуур, сорьц авах, тээвэрлэх, лабораторийн зардал нийлээд 50,000 төг. Өнөөдөр 33 байршилд 42 аппарат улсын мэдэлд байдаг. Эдгээр лабораториудаар бид өдөрт 10,000-12,000 хүний шинжилгээг хийдэг ба энэ нь НЭГ ӨДӨРТ шинжилгээнд зарцуулж байгаа хөрөнгө дунджаар 500,000,000-600,000,000 төг. ПГУ шинжилгээний аппарат суурилуулах тусам энэ зардал өснө.
Нэг хаалга нэг шинжилгээний үед тохиолдлын тоо цөөн байсан учир багцлах аргаар шинжилгээ хийж байсан бөгөөд энэ нь дунджаар 5 хүний шинжилгээнд нэг оношлуур ашиглаж төсөв багатай хийгдсэн гэсэн үг юм. Одоо өдөрт гарах тохиолдлын тоо өндөр учир багцалж хийх боломжгүй болж, нэг шинжилгээнд нэг оношлуур ашиглагдагдаж байна.
Иймээс бид зөвхөн сайн дурын буюу байгууллагуудын, хөдөө явах зэрэг илрүүлгийн хувьд (1%д эерэг тохиолдол гардаг) төдийлөн ач холбогдол багатай учир багасгаж, харин хавьтлын шинжилгээг өнөөг хүртэл үнэ төлбөргүй хийж байна. Тэгэх ч шаардлага байна. Бид дэлхийн 200 гаруй улсаас 1,000 хүнд хийгдэж байгаа ПГУ шинжилгээний тоогоор эхний 30д орж байна. Цаашид зөв тактик, стратегиар явахгүй бол бид жинхэнэ сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу удааширч улам их хүндрэл гарах болно.
Бидэнд учирч байгаа сорилт, хүндрэл бүх л улсуудад байна. Зарим улсуудад 7-10 өдрийн дараа шинжилгээний хариу гарах болсон тул ДЭМБ 2021.06.25-нд гарсан шинэ зөвлөмжиндөө эмнэл зүй, түргэвчилсэн шинжилгээнд үндэслэн эмчилгээг эхлүүлэхийг зөвлөмж болгож байна. Бид цаашид энэ чиглэлийг барьж ажиллахын зэрэгцээ хавьтлын ПГУ шинжилгээг тасалдалгүй, төлбөргүй хамруулсаар байх болно.” хэмээв.