Цахим орчинд “Наадам хойшлуулсантай холбогдуулан уяачдын нэг морь тутамд таван сая төгрөгийн нөхөн олговор олгоно” гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ мэдээлэлд итгэсэн иргэд цахим орчинд ихэд шүүмжлэлтэй хандан, дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм.
Энэ талаар Монголын морин спорт уяачдын холбооноос тодруулахад “Худлаа мэдээлэл. Уяачдын нэр хүндийг унагаах гэсэн ийм худал мэдээлэл гарсанд харамсалтай байна. Уяачдыг олон нийтэд муухай харагдуулах гэсэн явуургүй арга. Яаж ч бодсон нэг моринд таван сая төгрөгийн нөхөн олговор олгох боломж улсад байхгүй. Тийм хэмжээний мөнгө нэхэмжлээд, авах гээд байж байх улс уяачид бид биш.
Улсын наадам өнөө маргаашгүй болох гэж байхад хойшлуулж, иргэдийг талцуулсан нь төр засаг. Хүн бүхэнд амьд явах эрх бий. Тэгвэл улсын наадамд хаяанд ирчихсэн, морьдын уяа ханачихсан байхад улсын наадмыг хойшлуулахаар уяачдад хэрхэн туссан бэ, уяачдын эр ашиг яаж хөндөгдсөн бэ гэдгийг иргэд бодолцох хэрэгтэй.
Морьдынхоо уяа сойлгийг тааруулж, өвсний сор хөөж явсаар гэртээ харилгүй олон сар болсон уяач олон. Нутгаасаа гараад хагас жил болсон уяач ч бий. Одоо тэд гэртээ хариад юу гэж хэлэх вэ. Уяачдад ийм хүнд тусаж байгаа энэ цаг үед ийм мэдээлэл гарч, иргэдийг улам талцуулж байгаад харамсалтай байна.
Манай холбоо, уяачид төр засагт гомдол гаргаагүй. Төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгээд жагсаалаа тараасан. Тиймээс иймэрхүү худал мэдээлэлд итгэн, уяачдын талаар буруу ойлголт авахгүй байхыг хүсье” гэлээ.