Нийслэлийн Ерөнхий архитектор нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын эрх, үүргийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт баригдах барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, тохижилт, зам, замын байгууламж, хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах зэрэг бүх төрлийн хот байгуулалтын архивын санг бүрдүүлж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулан ажилладаг. Ингэхдээ Барилгын тухай хуулийн 35.1.3 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”, Мэргэжлийн зөвлөл (комисс)-ийн хурлын гарсан дүгнэлтийн дагуу газар ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Архитектур төлөвлөлтийн даалгавар олгон барилгажих байршлыг тогтооно. Мөн тусгай зөвшөөрөлтэй зураг төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагын боловсруулж ирүүлсэн загвар зургийг зөвшилцөх, батлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг.
Хот байгуулалт, хөгжлийн газраас зураг төсөл зохиогчдын ажлын гүйцэтгэлийн чанарыг сайжруулах, идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хүчин төгөлдөр мөрдөж байгаа норм, дүрэм, стандартыг зөрчсөн, зураг төсөл, зөвлөх үйлчилгээг хангалтгүй үзүүлж, захиалагч, бүтээн байгуулагчдын цаг хугацааг алдагдуулах, төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулах зэрэг зөрчлийг олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Улмаар удаа дараа зөрчил гаргаж байгаа зураг төслийн байгууллагуудад албан мэдэгдэл хүргүүлж, тусгай зөвшөөрлийн эрхийг сунгахгүй байх, цаашлаад цуцлах асуудлыг эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх юм.
2021 оны хагас жилийн байдлаар нийт 171 загвар зураг ирснээс 68 загвар зургийн ерөнхий шаардлага норм дүрэм, стандарт хангаагүй тул буцаан засварлуулснаар 103 загвар зураг зөвшилцөж батлагдсан байна. Үүнээс судалгаа, үндэслэл гүйцэтгэл сайтай үлгэр жишээ зураг төсөл гүйцэтгэдэг аж ахуйн нэгж, байгууллага, архитекторуудыг танилцуулъя.
- “Некстстеп инженеринг” ХХК
- “Пума интернешнл” ХХК
- “ЭМ ЭС ЭЛ” ХХК Архитектор Г.Болормаа
- “Вауин” ХХК Архитектор С.Мөнхсайхан
- “Ньюкон” ХХК Архитектор Б.Батдаваа
- “Марс констракшн” ХХК Архитектор Н.Эрдэнэцэцэг
- “Варм бюлдинг констракшн” ХХК Архитектор Х.Есөн-Эрдэнэ
- “Бум-Асар” ХХК Архитектор А.Уянболд
Мөн мэргэжлийн ёс зүй, норм дүрэм, удаа дараа стандартын шаардлага хангахгүй зөрчилтэй зураг төсөл зохиож, хангалтгүй зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа зураг төслийн зөвлөх байгууллагууд байна. Эдгээр нь
- “Аксиом констракшн” ХХК
- “Хотол архитектс” ХХК
- “ББСМО”ХХК
- “Бизайн” ХХК
- “Цэнхэр төхөм” ХХК
- “Арвай нутгийн зам” ХХК
- “Арт капитал” ХХК
- Монголын ногоон хөгжлийн судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэн ХХК
- “Агниста инженеринг” ХХК
- “Арт капитал” ХХК
- “Нарт дизайн” ХХК
- “Эм жи эл И Эн Си” ХХК
- “Кон консалтинг” ХХК
- “Түм прожект” ХХК
- “Барилга байгууламж” ХХК
- “Конконсалтинг” ХХК
- “Могүмб констракшн” ХХК
Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тухайн хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх үүрэгтэй. Иймд хот байгуулалтын чиглэлийн мэргэжлийн байгууллагын тавьж буй шаардлага, зөвлөмжийг хүндэтгэн, зураг төслөө чанартай гүйцэтгэн, их хотын өнгө үзэмж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР