Улсын Их Хурлын даргын 2021 оны 38 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хороо хамтран Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлгийг танхим болон цахим хэлбэрээр өнөөдөр (2021.06.16) зохион байгууллаа.
Энэхүү төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан төрийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн саналыг авахаар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах бөгөөд энэ удаа Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам зэрэг 20 гаруй төрийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
Нэгтгэсэн төсөлд 285 энгийн зөвшөөрөл, 163 тусгай зөвшөөрөл олгохоор тусгажээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 22 гишүүнээс өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 оны 38 дугаар захирамжаар байгуулсан.
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөл дээр суурилж, хуулийн төслийг нэгтгэжээ.
Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаар танилцууллаа. Үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн бүртгэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тогтоохтой холбоотой нийтлэг харилцааг зохицуулах энэхүү хуулийн төсөл нь 8 бүлэг, 35 зүйлтэй юм байна.
Зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны эрсдэлийн түвшнээс хамааруулан тусгай, энгийн гэж ангилж байгаа бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгох, хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгах зохицуулалтыг тусгасан гэв.
Хуульд заасан тохиолдолд зөвшөөрлийг олгох, сунгах ажиллагааг хөнгөвчилсөн буюу хялбаршуулсан горимоор явуулах, түүнчлэн энэхүү харилцааг нэг цэгийн үйлчилгээний болон цахим хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ.
Зөвшөөрлийн нэгдсэн бүртгэл хөтлөх, статистик мэдээг эрхлэн гаргах, лавлагаа өгөх, цахим хэлбэрээр зөвшөөрөл олгох зорилгоор зөвшөөрлийг кодлох бөгөөд энэ хуульд заасан Зөвлөл зөвшөөрлийн кодыг эдийн засгийн үйл ажиллагааны ангилал, барааны ангиллын жагсаалт болон үндэсний кодыг харгалзан тогтоох аж. Зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг, зөвшөөрлийн бүртгэл, мэдээлэл, цахим сан, Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглох үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа чиглэл, төрлийн талаарх зохицуулалтуудыг мөн төсөлд тусгасан болохыг Х.Ганхуяг гишүүн танилцуулгадаа дурдсан.
Зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий этгээд зөвшөөрлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрлийн тухай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл Ерөнхий сайдын дэргэд ажиллахаар төсөлд тусгасан байна.
Зөвшөөрөлтэйгөөр энэ хуульд заасан үйл ажиллагаа эрхлэхэд олгосон бүх зөвшөөрлийн бүртгэл, зөвшөөрөлтэй холбоотой нийтлэг мэдээллийг агуулсан зөвшөөрлийн цахим нэгдсэн сантай байх ба уг санг Зөвлөлийн ажлын алба эрхлэх юм байна.
Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд заасны дагуу шилжүүлэн авсан этгээд аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглох, хуулийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд хариуцлага хүлээлгэхээр, нэг удаагийн шинжтэй болон олон удаагийн шинжтэй зөвшөөрлөөр хийх үйл ажиллагааны чиглэл, төрөл, зөвшөөрөл олгох этгээдийг тодорхой заасан байна.
Тусгай зөвшөөрлийг төсөл дэх жагсаалтад заасан үйл ажиллагааны чиглэлээр олгохоор, эл зөвшөөрлийн жагсаалтыг төслийн долдугаар бүлгээр зохицуулж байгаа бөгөөд 12 чиглэлээр энгийн зөвшөөрөл 285, тусгай зөвшөөрөл 163 нийт 448 зөвшөөрөл олгохоор тусгаад байна.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг танилцуулсны дараа Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон яамдууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Стандарт хэмжил зүйн газар, Цөмийн энергийн комиссын ажлын албанаас тусгай зөвшөөрөлтэй холбогдох аливаа харилцаанд тулгарч буй асуудлын талаарх салбарын мэдээллээ танилцуулсан юм.
Төв банк 23 төрлийн зөвшөөрлийг олгодог
Төв банк төрийн мөнгөний бодлого, санхүүгийн салбарын тогтвортой байдал, Монгол Улсын үндэсний төлбөрийн системийн найдвартай, аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангах чиглэлд 23 төрлийн зөвшөөрлийг олгодог байна. Салбарын хуульдаа эдгээр харилцааг нарийвчлан зохицуулсан байдаг бөгөөд Ерөнхий сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтаас Төв банкыг хасуулах саналаа танилцуулж, төслийн хэд хэдэн заалтыг онцолж байв.
Мөн салбарын үйл ажиллагааны онцлогоос үүдэн төсөл дэх зохицуулалтыг мөрдөх боломжгүй байдгийг тайлбарласан. Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл танилцуулав. Тус хороо нь тусдаа эрх зүйн байдлын тухай хуультай, үүнээс гадна 23 хууль, 115 дүрэм, журам, хэм хэмжээний актын хүрээнд хэдэн хэдэн чиглэлийн 5,600 гаруй хуулийн этгээд, иргэнд буюу санхүүгийн салбарын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлдэг гэв. Тус хороо 34 тусгай зөвшөөрөл, 18 зөвшөөрөл, 18 бүртгэл, нийтдээ 70 төрлийн бүртгэл, зөвшөөрөл олгодог байна.
Санхүүгийн зах зээл дэх харилцаа нь эмзэг харилцаа, бусдын хөрөнгийг цуглуулж менежмент хийдэг, итгэлцэл дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг онцлогтой тул Монголбанкны саналыг дэмжиж байгаа гэв. Түүнчлэн тухайлсан асуудлаар 16 саналыг ажлын хэсэгт хүргүүлжээ.
Эрүүл мэндийн салбарт 14 төрлийн зөвшөөрлийг олгож байгаа
Эрүүл мэндийн салбарт 14 төрлийн зөвшөөрлийг олгож байгаа бөгөөд хүн амын эрүүл мэндтэй холбоотой чухал үйл ажиллагааны зөвшөөрлийг олгохдоо өндөр шалгууртайгаар олгох саналтай байгаагаа танилцуулж байв.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь 110 хууль, 4,400 стандарт, 42 олон улсын гэрээ, конвенц, 3,600 орчим дүрэм, журмын хүрээнд 26 чиглэлээр хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд танилцуулж буй төсөлд тус байгууллагатай хамааралтай 12 тусгай зөвшөөрөл, 15 энгийн зөвшөөрлийг тусгасан байгаа аж. Тус байгууллагаас олгож байгаа цацрагийн үүсгүүртэй холбогдолтой 11 тусгай зөвшөөрлийг 4 болгох, улсын ерөнхий байцаагчийн тусгай зөвшөөрөлтэй олгогдох цацраг идэвхт ашигт малтмалтай холбогдолтой 7 зөвшөөрөл, бусад төрлийн 7 зөвшөөрлийг шинээр тусгуулахаар саналаа хүргүүлээд байгаа гэлээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог 10 төрлийн тусгай зөвшөөрлийн дагуу 255 харилцагч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус хороо төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Төсөлд 27 тусгай зөвшөөрөл, 7 төрлийн энгийн зөвшөөрөл олгохоор тусгуулах саналаа ажлын хэсэгт хүргүүлсэн гэв.
Ажлын хэсгийн зүгээс Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг ирэх намрын чуулганаар анхны хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд тэр болтол бүх талын оролцоог хангасан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, холбогдох саналуудыг авч, төсөлд тусгах болно гэдгээ Х.Ганхуяг гишүүн хэлж байв.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гаргасан судалгаагаар одоогийн байдлаар 1,500 орчим зөвшөөрөл байгаа гэдэг тоон мэдээлэл гаргасан байдаг аж. Тиймээс эдгээрийг бууруулах, хүнд суртлыг бууруулах, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор эрх зүйн орчныг шинэчлэх зорилготой байгаагаа тэмдэглээд, http://forum.parliament.mn/projects/11138 линкээр холбогдон төсөлтэй танилцах боломж нээлттэй гэдгийг хэллээ.
Ийнхүү Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл мэдээлэл танилцуулсны дараа төсөлтэй холбоотой саналуудаа хэлэлцсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.