Байнгын хорооны хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин танилцуулга хийсэн юм.
Монголчууд 2021 онд хувьсгал хийж, үндэсний төр, засгаа дахин сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үндэсний дэвшилд хүрэх их үйлсийг эхлүүлсэн нь ХХ зууны Монгол түмний гардан хийсэн түүхэн, онцлох үйл хэрэг болсон билээ. Иймээс Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, энэхүү түүхэн үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Тогтоолын төсөл нь 3 заалт, 2 хавсралттай бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгож, медалийн тодорхойлолт, загвар, олгох журмыг батлахаар тусгасан байна.
Тогтоолын төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг нар Соёлын сайд болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан холбогдох албан тушаалтан, зураач уран бүтээлчдээс медалийн загвар, утга агуулга, бэлгэдэл, олгох журмын талаар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн загвар шалгаруулах уралдаан зарлаж, ирүүлсэн загваруудыг Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцээд загварыг шалгаруулж баталжээ.
Медаль нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд медалийн тэмдэг болох доод хэсэг нь дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн найман оройтой, нарны цацраг хэлбэртэй, цацрагийн гол хэсэг дэх “100” гэсэн тооны голд Ардын хувьсгалын их удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан “Ардын хувьсгал” гэсэн үгийг шаргалаар, “1921-2021” гэсэн тоог алтан шаргал туузан дээр цагаанаар бичжээ. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор төсөлд тусгасан байна.
Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь буюу 84.6 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.