Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо өнөөдөр хуралдлаа. Түр хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ковид19 халдварыг эмчлэх үед хэрэглэж байгаа эмийн үнийн асуудлыг хөндсөн юм. Тэрбээр “Ковидын халдвар авч гэрээр эмчлэгдэж байгаа хүн хамгийн багаар бодоход 150-200 мянган төгрөгийн эм бэлдмэл авч байна. Энэ нь иргэдэд маш хүнд тусаж байна. Иймээс эмийн компаниудын монополь эрхэд тодорхой хэмжээний хязгаарлалт хийж, эмийн үнийг бууруулах, даатгалд хамруулах, эмийн сангуудад тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй байна” хэмээв.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Вирусийн эсрэг эмүүдийг харилцан адилгүй үнээр компаниуд оруулж ирж байгаа.
Өчигдөр хүний эмийн зөвлөл хуралдсан. Сүүлийн үед вирусийн эсрэг эмийн үнийг хөөрөгдүүлэх хандлага гарч байгаа.
Иймээс нэг удаагийн импортын лиценз оруулж ирэхдээ мэдүүлсэн мэдүүлгийг нь яамны болон Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын цахим хуудсаар ямар үнэтэйгээр санал болго гэж зөвшөөрөл авсан гэдгийг олон нийтэд ил тод зарлахаар болсон. Ингэснээр иргэд тухайн вирусийн эмийг ямар үнээр бүртгэгдсэн бэ гэдгийг мэдэж авах боломжтой” хэмээв.
Б.Ирээдүй