ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзав.
Талууд хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, “КОВИД-19”-ийн дараах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.
Мөн Монгол Улс хилээ шат дараатай нээж буйтай холбогдуулан тогтмол нислэг үйлдэх, иргэдийн солилцоог дэмжих чиглэлд БНСУ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахын төлөө байгааг монголын тал нотлов.
Эх сурвалж: ГХЯ