“Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулах” ажлын хэсгийн хурал боллоо
Монгол Улсын Засгийн газраас Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг шинэчлэн боловсруулж Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаар тогтоолоор баталсан.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын зорилго нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас иргэн хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас (хэсэгчлэн) алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх, ажлын цагийг богиносгох асуудлыг магадлан шийдвэрлэхэд оршдог.
Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/39,А/12 дугаар “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” хамтарсан тушаалыг мөрдөн ажиллаж ирсэн.
Энэхүү өвчний жагсаалтыг шинэчлэх шаардлага гарсан учир Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-д тус тус заасны дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсэгт ХНХЯ, ЭМЯ, НДЕГ-ын дэргэдэх ЭХМТК, МХЕГ, Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөл, төрийн бус байгууллагын төлөөлөл бүрэлдэхүүнд орсон.
Мөн энэхүү бүрэлдэхүүнд Азийн хөгжлийн банкны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн төлөөлөл нэгдэн орсон.
Одоогоор байдлаар “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа-351, мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацааг-106 өвчний оношоор тогтоон мөрдөн ажиллаж байна.
Хөдөлмөрийн чадвар алдсан 5 гол өвчний шалтгааныг дотрын өвчин, сэтгэцийн эмгэг, мэдрэлийн өвчин, гэмтэл согогийн өвчин, нүдний өвчин нийт 77.1 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: ХНХЯ