Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлэх талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сонгуульд оролцож байгаа болон зохион байгуулж буй 20 гаруй мянган албан хаагчдыг халдварт өртүүлэхгүй байх талаас нь онцгой анхаарч байна.
Саналын хуудсыг зөөвөрлөж, санал авахад халдварт өртөхгүй байх тухайд анхаарч байгаа. Хайрцгийн хувьд хоёр төрөл байгаа. Эрсдэлтэй гэсэн улаан тэмдэглэгээтэй хайрцганд өвчтөнүүдээс, нөгөө хайрцганд гэртээ байгаа хүмүүсээс санал авна. Халдварын улаан бүсээс санал өгөх тохиолдолд өвчтөн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтална.
Нэг хүн санал өгсний дараа тухайн талбайг ариутгаж, үзгийг спиртээр арчих зэрэг ажлыг зохион байгуулах тул халдвар дамжих эрсдэл харьцангуй бага гэж үзэж байна.
Гар тооллогын хэсэгт гарч ирсэн саналын хуудсыг эрүүл мэндийн байгууллагын маск, бээлий, эмнэлгийн өмсгөлтэй ажилтан аваад тооллогын ажилтанд дамжуулах юм. Тэгэхээр сонгуулийн хуудсаар халдвар дамжих эрсдэл маш бага” гэлээ.
Л.Баяр