Өнгөрөгч дөрөвдүгээр сард Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосноос улсын хэмжээнд зөрчлийн хэрэг тодорхой хувиар буурсан байсан бол тавдугаар сард хөл хориог сулруулсантай холбоотойгоор зөрчлийн хэргийн гаралт өсжээ. Тодруулбал, 5 дугаар сард 189898 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 4 дүгээр сартай харьцуулахад 72 хувиар өссөн байна. Зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрээр авч үзвэл 73 хувь нь Нийслэлд үйлдэгдэж өмнөх сараас 35 хувиар, орон нутагт өмнөх сараас 3.2 дахин их зөрчлийн хэрэг бүртгэгджээ.
Нийт зөрчлийн хэргийн 99.1 хувийг цагдаагийн байгууллага, 0.2 хувийг мэргэжлийн хяналт, 0.1 хувийг онцгой байдал, 0.6 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 139727 хүн шийтгүүлсэн нь өмнөх сараас 28 хувиар, 231 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 38 хувиар тус тус өссөн байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 80.2 хувь нь эрэгтэй, 19.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 39.8 хувь нь 26-35 насны хүмүүс байна.
Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд нийт 443 сая 681 мянган төгрөгийн хохирол учирч, 96.8 хувь нь нөхөн төлөгджээ.
Өнгөрөгч 5 дугаар сард Танхайрах, Хүний биед халдах, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, Мөрийтэй тоглоом тоглох, Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчлийн гаралт буурсан бол зарим төрлийн зөрчлийн хэрэг 3-94 хүртэл хувиар өссөн байна. Тухайлбал, Хулгайлах зөрчил 3 хувиар, Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах зөрчил 9 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 10 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 19 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 24 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 32 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 60 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 94 хувиар тус тус өсжээ.
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас орон даяар зохион байгуулж байгаа “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд прокурорын газрууд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ оны эхний 5 сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн хэрэг 574 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.8 хувиар буурсан байгаа боловч зарим газруудад дээрх төрлийн зөрчил өссөн тоон үзүүлэлттэй байна. Тухайлбал, Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг, Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгуудад дээрх төрлийн зөрчлийн хэрэг өсжээ. Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн хэргүүдээс Ойн тухай хууль зөрчих, Амьтны тухай хууль зөрчих зөрчил хамгийн их үйлдэгдсэн байна.
Эх сурвалж: УЕПГ