Хүн амын 70 хувийг вакцинд хамруулснаар сүргийн дархлаа тогтоно гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэлэв.
Тэрбээр “Халдварын тохиолдлын тоо хэзээ буурч, манай улс дархлаажуулагдсан улс болох вэ гэх асуудал сүүлийн үед нэлээд яригдаж байна.
Тархвар судлалаас үзвэл, хүн амын 70 орчим хувь нь дархлаа тогтсон байж нийтийн дархлаа тогтох шалгуурыг хангадаг.
Өөрөөр хэлбэл, 10 хүн тутмын 7 нь дархлаажуулалтад ямар нэг байдлаар хамрагдаж байж тохиолдлын тоо эрс буурдаг.
Өнөөдрийн байдлаар манай улс 18-аас дээш насны иргэдээ дархлаажуулахаар төлөвлөсөн. Энэ нь нийт хүн амын 60 хувь гэсэн үг. Харин нийт хүн амын 70 хувийг дархлаажуулах ёстой гэвэл бид зайлшгүй хүүхдүүдийг вакцинд хамруулах шаардлагатай болж байна.
Тодруулбал, одоогоор манай улсад 0-17 насны 1,185,991 хүүхэд бий. Үүнээс 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж байж хүн амын 70 хувьд дөхөж очно.
Хэрэв шаардлагатай бол 290,068 хүүхдэд Pfizer вакциныг хийх боломжтой.
Pfizer вакциныг 12-15 насны хүүхдэд хийхийг АНУ, ХБНГУ, Канад болон Европын холбооны улсууд зөвшөөрсөн бөгөөд одоо хийгээд явж байгаа юм.
Халдварын тархалтыг бууруулахад хүүхдийг вакцинжуулах хэрэгтэй нь тодорхой болсон учраас дээрх улсууд хүүхдүүдийг дархлаажуулж буй.
Харин Pfizer-аас бусад вакцины хувьд одоогоор хараахан судалгаа хийгдээгүй эсвэл судалгааны үр дүн нь гараагүй байна.
Монгол Улс 16-17 насны хүүхдүүдийг эцэг, эхийнх нь зөвшөөрлөөр вакцинд хамруулах тооцоо, судалгааг хийж байна.
Ер цаашид нийт хүн амын 70 хувийг дархлаажуулах шаардлагатай болбол 8-15 насны хүүхдүүдийг ч вакцинжуулахаас өөр аргагүй байдалд хүрнэ” гэсэн юм.