Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга орлогч Иштван Юу-тай цахим уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Обрущанский Борбала Анна, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр, 1 дүгээр нарийн бичгийн дарга Ц.Орхонтулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг, мэргэжилтэн Д.Навчаа нар оролцсон юм.
Уулзалтын эхэнд Сайд З.Мэндсайхан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга орлогч ноён Иштван Юу болон тус яамны хамт олонд Монгол-Унгар улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагааны чухал төсөл болсон “Биокомбинат” Төрийн Өмчит ХХК-ийн шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлэх зарим тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх талаар харилцан санал солилцлоо.
“Биокомбинат” Төрийн өмчит ХХК-ийн шинэчлэлийн ажлыг байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд төлөвлөсөн хугацаанд дуусгах, төсөл хэрэгжих хугацаанд хоёр талын холбогдох технологийн инженерээс бүрдсэн Төслийн багийг бүрдүүлж хамтран ажиллах саналыг Монголын талаас тавьсан бөгөөд талууд энэхүү төслийг шуурхай эхлүүлэхэд нарийн техник мэргэжлийн инженерүүдийн хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм.
Энэхүү төслийн техник мэргэжлийн асуудлыг шийдвэрлэх уулзалт зөвлөгөөнийг холбогдох байгууллагууд хооронд яаралтай зохион байгуулж шийдвэрлэхээр талууд тохиролцжээ.
Эх сурвалж: ХХААХҮЯам