Өнөөдөр буюу тавдугаар сарын 22-ны 06:00 цагт иргэдийн хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээгээд байгаа. Монгол Улсын Шадар сайдын 46 дугаар тушаалын дагуу иргэд дараах шаардлагыг хангасан байна.
Дархлаажуулалтын бүрэн тун /2 тун/ авсны дараа 14 хоног өнгөрсөн нотлох баримт шаардлагатай. Энэ тохиолдолд PCR-ын шинжилгээ шаардахгүй.
Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусийн халдвараар өвдөж, эдгэрсэн бол эмчийн магадалгаа шаардлагатай. Эмчийн магадалгааг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол эмнэлгээсээ, гэрээр эмчлүүлсэн бол Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө авна.
0-17 насны хүүхдээс шинжилгээ шаардахгүй боловч шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ хийнэ.
Бусад тохиолдолд буюу вакцины бүрэн тунд хамрагдсан ч 14 хоног болоогүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй иргэдийн хувьд PCR-ын шинжилгээ /72 цаг хүчинтэй/ эсхүл түргэвчилсэн шинжилгээ /48 цаг хүчинтэй/ шаардана. Мөн шинжилгээ өгч явж байгаа иргэд, 0-17 насны хүүхэд очсон газраа гэрийн ажиглалтад 7 хоног байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.