Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ.
Уг хуулиудад 6.0 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүрмөсөн тэглэх, зээлгүй байсан ахмадуудад 1.0 сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан билээ.
Энэ арга хэмжээнд 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 229.0 мянган иргэний 763.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байна.
Дээрх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210.0 мянган иргэнд тус бүр 1.0 сая хүртэл төгрөгийн ваучер олгосон. Үүнд шаардагдах 210.0 тэрбум төгрөг бэлэн болсон бөгөөд нэг сая төгрөгийн ваучерыг мөнгөжүүлэх ажил өнөөдрөөс эхэлнэ.
Л.Баяр