Хүмүүс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхгүй бол Мальдив улс 2100 он гэхэд алга болж мэднэ хэмээн Хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, технологийн сайд Аминат Шаун CNBC теле сувгийн эфирээр мэдэгдэв.
“Уур амьсгалын өөрчлөлт бол бодит. Харин бид дэлхийн хамгийн эмзэг улс. Бидний улсын ирээдүй, ард түмний минь ирээдүй, бидний соёлын ирээдүй бидний өнөөгийн үйлдлээс шалтгаална” хэмээн Шаун өгүүлжээ.
Тэрээр хэлэхдээ, Мальдивын арлуудын 80% нь далайн түвшнээс дээш ердөө л 1 метр өндөрт байрладаг гэнэ. Арлуудын 90% нь усанд автах шинж тэмдэгтэй болсон бол 97% нь эргийн шугамын элэгдэлд оржээ.
Мальдивын төр засгаас уур амсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулахын тулд багагүй хүчин зүтгэл гаргаж буйн заримаас нь өгүүлбэл эргийн бүсийг хамгаалах хэд хэдэн арга хэмжээ авчээ.
Дэлхийн 40 улс уур амьсгалын дээд хэмжээний уулзалтад оролцож, экологио дэмжихэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ авах үүрэг хүлээсэн юм. Жишээлбэл Япон улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 2013 оны түвшнээс 50 хүртэл хувиар бууруулах бол Канад улс 2030 он гэхэд 2005 оны түвшнээс 45% бууруулна гэжээ.
Эх сурвалж: Mir24.tv
Орчуулагч: Марта