7 сарын 1-ний үйл явдал монгол хүн бүрийн сэтгэлийг сэртхийлгэсэн, сонгуультай холбоотой хар дурсамж, гашуун сургамж болж үлдсэн билээ. Сонгууль дөхөж байгааг хэлэх үү, тухайн үед бичиж байсан нийтлэлээ дахин орууллаа. Хэрвээ…хэрвээсээд байх юм байхгүй балмад үймээн самуун, өдөөн турхиралтаас л ангид оршъё.
Ямарваа нэгэн жагсаал цуглаан нь голдуу хэн нэгэн эрх баригч, дарга даамлуудын бүдүүрч байгаад зэвүүцэн, номхон ардыг мэхэлж байгаад бухимдан шаардлага тавин эсэргүүцсэнээс үүддэг. Ингэж илэрхийлэхдээ бөөгнөрч хөөрсөн хүмүүс уурандаа шатан замдаа тааралдсан бүхнийг хэмхчин эвдэлж сүйтгэж, засгийн газарлуу дайран орохыг завдан хүч түрэн давшилж, магадгүй нүдэнд нь нөгөөх аз нь харьсан дарга тааралддаг л юм бол дундаа хийж польдохсон гэж тачааддаг. Ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн олон түмний адал балмад хорлон сүйтгэх дээрх үйлдэл бол гэмт хэрэг гэж 100 гаран жилийн өмнө Сципион Сигеле “Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг” бүтээлдээ дүгнэжээ. Мэдээж массыг ингэж хөөрөх хүртэл бухимдуулсан эрх баригчдыг зөвтгөх аргагүй.
Гэхдээ яагаад олон түмэн нийлж байгаад эрүүл саруулаар шаардлага тавьж хүссэн үр дүндээ хүрэхийн оронд өөрсдөө гэмт хэрэгтэн болтлоо балмад авирлан гажигтдаг вэ. Цугларсан олон бүгд гэмт хэрэгтэн биш нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл хүн ганцаараа байхдаа хэзээ ч хийж зүрхлэхгүй үйлдлээ жагсаал цуглааны үед учиргүй зоригтойгоор хийж орхидог нь юуных вэ? Хамгийн наад захын бодлоор, олон түмнийг шүүх арга бараг байдаггүй, хариуцлагыг ганц хүн дээр тохох боломжгүй байдаг нь хувь хүнийг ийн зориг оруулж сэтгэлийн мухартаа “ёс суртахуун” гэх мэтээр чөдөрлөж байсан балмад занг нь өдөөдөг гэж хэлж болох юм. Гэхдээ л энэ хангалтгүй. Тухайн хувь хүнийг ганцааранг нь байлгаж байгаад “за хө, чамд хариуцлага оноохгүй, үүнийг эвд, сүйтгэ” гэж ятгавал тэрээр өнөөх үйлдлээ хийх эсэх нь бас л будлиантай. Тэгэхээр бөөгнөрсөн олны дунд хүмүүсийн гаргадаг гаж авир нь ердөө нэг нэгнээ даган дууриах төрөлхийн заяамал сэтгэхүйтэй холбоотой, тухайн уур амьсгал дахь ятгалгын асар хүчтэй нөлөөнд автдагийнх гэж тайлбарлажээ.
Онцлууштай нь энд бүх хүн тийм үү гэвэл бас биш. Хэвийн амьдралд бол огтоос тийм зүйл хийхгүй хүн жагсаал цуглааны үед яагаад зэрлэгдүү авирладагийг ойлгоход хувь хүний сэтгэлзүйг анхаарах хэрэгтэй болно. Эндээс хувь хүний сэтгэлзүй болоод нийтийн сэтгэлзүй хоёрыг холбон харах ёстой болж байна. Нэгэн бүсгүй дээр туршилт хийж л дээ. Эмэгтэйг гипнозод оруулж түүний ухаангүй дурлаж байсан залуугийнх нь нэрийг хэлж тэрнийг хорлох тушаал өгсөн байна, өнөөх бүсгүй гипнозын турш удирдагчийн тушаалыг биелүүлж байсан боловч залуугаа хорлох тушаалыг харин огт дагаагүйгээр барахгүй эрс татгалзах маягтай болжээ. Өөр нэгэн тохиолдолд учиргүй ичимхий залуу гипнозын явцад “халууцаж шатаж үхэх” шахахдаа ч хувцасаа тайлахгүй гүрийгээд байсан бол өөр нэгэн гипноздуулагч уг даалгаварыг юунд ч торолгүй гүйцэтгэж тэр дороо л шалдалж орхижээ. Ингэхээр хүнийг сэтгэлийн мухарт нь огт байдаггүй эсвэл маш сул байдаг зүйлийг нь хийлгэх гэж оролдох нь бүтэшгүй зүйл бөгөөд харин эсрэг тохиолдолд аливаа үйлдэлийг хийх тухай сэдэл, сэтгэлзүйн элемент тухайн этгээдэд байсан аваас (байнга ил гардаггүй ч) өчүүхэн төдий өдөөхөд л торхтой дарь мэт асдаг ажээ.
За тэгвэл хүмүүс нэг нэгнээ дагаж дууриах өвчтэй юм бол яагаад буянт сайн үйлийг биш заавал муу муухайг нийлж хийдэг юм бэ. Ихэнх хүн, ээ бараг л бүх хүн адгууслаг чанартай, түүнийгээ хөгжүүлсэн үү, дарж унтраасан уу гэдэг нь хувь хүний хүмүүжил, төлөвшил, ёс суртахуунтай шууд холбоотой. Бөөгнөрсөн түмний ятгалга, “сэнхрүүлэг”-д автахгүй байх, сөрж тэсэх сэтгэлзүйн хүч тамиртай хүмүн асар цөөхөн ажээ. Цугласан олны дунд оруут л тэдний үг яриа баараггүй үнэн мэт санагдаж ханьсдаггүй юмаа гэхэд дэмжин түлхэгч болох нь олонтаа. Ялангуяа дээрх тохиолдол бол театрт биш, хөл бөмбөгийн стадионд ч биш, эрх баригчдын эсрэг бухимдал тээж цугларсан талбайд гэдгийг сануулъя.
Эндээс улбаалахад, бөөгнөрсөн олон хүнээс, ялангуяа янзан бүрийн үзэл бодол, зан авиртай, өөр өөр боловсрол, хүмүүжилтэй хүмүүс нэг дор цугласан байхад тэндээс ухаалаг шийдвэр эрүүл үйлдэл гарна гэж горьдсоны гарз. Мэдээж “ТАРЦГАА” гэж лүндэндэхээсээ наана ингэж цугларуулахгүй байх, цугларах “овоо”-г босгохгүй байхад л ухаанаа зарж байх нь хавьгүй дээр гэдэгтэй хэн маргах билээ.
Индра /baabar.mn/