Эрүүл мэндийн яамнаас сарын өмнө амаржсан эх вакцины нэгдүгээр тундаа хамрагдсаны дараа нас барсан асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ. Тус иргэн вакцины нэгдүгээр тундаа хамрагдсаны маргааш нь нас барсан бөгөөд вакцины нөлөөтэй байх магадлалтай гэх мэдээлэл гараад байгаа юм.
Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Эрдэмбилэг “Юуны өмнө талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд ЭМЯ, нийт салбарынхныхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Залуухан ээж харамсалтайгаар нас барсанд гүнээ харамсч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл явж байгаа учраас тус иргэнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Талийгаачид задлан шинжилгээ хийсэн бөгөөд урьдчилсан дүгнэлтээр тухайн бүсгүйн нас барсан шалтгаан нь вакцинтай ямар ч холбоогүй нь тодорч байна. Талийгаач тархины суурийн судасны өмнөд артерын духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгтээ судасны том хэмжээний цүлхэнтэй байсан байна. Энэ цүлхэн нь хагарснаас болж тархины хоёр тал бөмбөлөгийн суурин хэсгийн аалзагч бүрхүүлийн тархмал цус харвалт үүссэн. Энэ нөхцөл байдлын улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна.
Тухайн эмэгтэй даралт ихсэх эмгэгээр сүүлийн жилүүдэд хянагдаж, жирэмсний хяналтын картны мэдээлэл ч даралт ихсэх эмгэгтэй, хяналтад байсныг илтгэж байгаа. Энэ эмгэг нь шинж тэмдэггүй, санамсаргүй, маш харамсалтайгаар хүндрэл өгч, 60-87 хувь нь туламж үйлчилгээ авч чадахгүй хорвоог орхидог. Талийгаачийн хувьд вакцинжуулалтай зэрэгцэн цүлхэн хагарч, тархинд цус харвасны улмаас нас барсан байна.
Сошиалаар, олон нийтийн сүлжээгээр хөхүүл эмэгтэй шууд вакцинаас болоод амиа алдсан мэтээр ташаа мэдээлэл түгээж, олон мянган хөхүүл ээжийг айлгах, улмаар вакцинжуулалтдаа хамрагдахгүй байх, улмаар халдварт өртөж, эрүүл мэндээрээ хохирох, дархлаажуулалтын ажилд саад учрах магадлалтай учраас ЭМЯ-наас тодруулга мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүл мэндийн яам, нийт эмч мэргэжилтнүүдийнхээ өмнөөс маш харамсалтайгаар өвчний улмаас нас барсан залуухан ээжийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлснийг хүлээн авна уу” гэлээ.
““
Л.Баяр