Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” болон ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
“Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засаг хүндрэлтэй энэ үед халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөх зорилготой юм.
Хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг илүү үр дүнтэй болгох, зорилтот бүлэгт чиглэсэннэгдсэн мэдээллийн баазыг шинэчлэх зэрэг бодлогын 18 арга хэмжээг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатанд 11-ийг нь бүрэн хэрэгжүүлж дуусаад байна.
Азийн хөгжлийн банкнаас авах 150 сая ам.долларын зээл нь 15 жилийн хугацаатай. Үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм.
“Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр” нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийн өөрчлөлт хийх, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг шийдвэрлэх, тавих хяналтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зорилготой.
Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.