Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимд УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч хойшиллоо. Хурал шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон шалтгаанаар хойшилсон байна.
С.Баярцогт нар давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг хүлээн зөршөөрөөгүй бөгөөд давж заалдсан юм. Улсын Дээд шүүхийн байранд дөрөвдүгээр сарын 16-нд шүүх хурал товлоод байсан ч шүүхийн байранд Ковид19-ийн халдвар илэрсэн учраас өнөөдрийг хүртэл хойшлуулсан.
Эргэн сануулахад, давж заалдах шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 4.8, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт тус бүр 1.3 жилийн хорих ял оноосон юм.
Түүнчлэн тус хэрэгт холбогдох Б.Ариунсан, Б.Бадралд оноосон хорих ялыг тус бүр нэг жил болгон бууруулсан билээ.
Харин анхан шатны шүүхээс тэднийг “Оюу толгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан буруутайд тооцон С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасаж, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 1.6 жил хорих ял тус тус оногдуулаад байсан билээ.
Л.Баяр