Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ), Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд дархлаажуулалтын түр цэгийг байгууллаа. Эдгээрт архаг суурь өвчин, антибиотикийн харшил болон эрүүл мэндийн бусад шалтгаанаар дархлаажуулалтын цэгээс буцсан иргэдийн биеийн байдлыг үнэлж, туйлын эсрэг заалт биш тохиолдолд “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамруулах юм.
Энэ дагуу өнөөдөр буюу тавдугаар сарын 10-наас эхлэн УНТЭ, УХТЭ, УГТЭ-т нийслэлийн дүүргүүдийг хуваарилж, иргэдийг вакцинд хамруулах ажлыг зохион байгуулна. Тодруулбал,
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт-Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүргийн иргэд,
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт-Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн иргэд,
Улсын гуравдугаар төв эмнэлэгт-Баянгол, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, дархлаажуулах юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг төв эмнэлгүүдэд хүргүүлсэн бөгөөд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хамтран ажиллана. Тиймээс дээрх шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд хуваарийн дагуу төв эмнэлэгт очиж мэргэжлийн эмчид үзүүлэн дархлаажуулалтдаа хамрагдаарай.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР