Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын нэгний өдрийг “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Энэ өдрийг дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай. Манай орны хувьд энэ өдрийг “Майн нэгний өдөр” гэдгээр нь сайн мэддэг бөгөөд 1989 оноос өмнө жил бүр Сүхбаатарын талбайд цуглан баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгрүүлдэг байсан.
“Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр”-ийг анх 1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байсан байна. 1889 онд Парисын конвенцоор тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан байна. Ажилчдын баяр буюу “Майн баяр”-ыг Орост 1890 оноос тогтмол тэмдэглэх болжээ. Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ баярыг Орост албан ёсны баяр болгон зарлаж “Майн баяр”-ын анхны жагсаал 1918 онд Оросын Ходынскийн талбайд болж байсан байна. Монгол Ардын Засгийн Цэргийн Яамнаас Майн нэгний баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 1922 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн З-р дүгээр тушаалаар “Майн баяр”-ыг тэмдэглэж эхэлсэн түүхтэй юм байна.
Updown.mn