Тэд Энэтхэг, Орос, Герман, АНУ, Франц зэрэг улсын 648 багтай өрсөлдөн, шилдэг 30 багийн нэгээр шалгарсан байна. Ингээд финалын шатанд 36 цагийн турш даалгавар гүйцэтгэж, 5 дугаар байрт шалгарчээ.
Энэ удаад ОХУ-ын Otkritie банкинд “Аль харилцагчдад зээлийн бүтээгдэхүүн санал болговол бүтээгдэхүүнийг авах магадлал өндөр болохыг тодорхойлох, улмаар сонгосон харилцагчдад зээлийн бүтээгдэхүүн санал болгосноор ашгийг хамгийн их байлгах тухай” бодлого бодож, загвар хөгжүүлэн өрсөлджээ.
Монголоос анх удаа финалдсан залуус нь өнгөрсөн жил тус тэмцээнд оролцсон туршлагатай бөгөөд хоёр дахь жилдээ ийнхүү амжилтаа давуулан ахиулжээ. Өгөгдлийн ухаан (data science), Хиймэл оюун (artificial intelligence), Машин сургалтын (machine learning) арга хэрэгсэл ашиглан, бодит байдалд хамгийн ойр, нийцтэй загвар хөгжүүлж, Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн, Монголын дата шинжилгээний багийн залуучууд нь БНСУ-ын Чунбукын их сургуулийн докторант М.Лхагвадорж, Simple аппликейшнийн дата шинжээч Ч.Алтан-Өлзий, МИГ даатгалын дата шинжээч М.Чойсүрэн нар ажээ.