Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд төрсөн өдрийг нь тохиолдуулан элэгсэг дотно мэндчилгээ ирүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарт талархаж, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкогийн ирүүлсэн цахилгааныг Элчин сайд И.К.Азизов гардуулан өглөө.
Тэрбээр энэ онд ОХУ, Монгол Улсын хооронд найрамдал, хамтын ажиллагааны Гэрээ байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгын дагуу хатагтай В.И.Матвиенкогийн Монгол Улсад айлчлах айлчлал энэ онд хэрэгжинэ гэдэгт найдаж байна гэж мэдэгдлээ.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ноён Элчин сайд хөндөж ярьсан үгэндээ Монголын “Эм импекс” компанитай хийсэн гэрээний дагуу коронавируст халдвараас сэргийлэх 10,000 тун Спутник V вакцин өмнө нийлүүлэгдсэн бөгөөд хоёр дахь ээлж нь энэ 7 хоногт багтаж ирнэ. Эрүүл мэндийн яамны шугамаар нийлүүлэх вакцины нийлүүлэлтийн хугацаа, графикийг нарийвчлан, тодорхой болгох шаардлагатай байна. Нийтдээ ОХУ-аас нэг сая тун вакцин нийлүүлэгдэнэ гэдгийг онцоллоо.
Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс