Хатуу хөл хорионы үед зөвхөн зөвшөөрөгдсөн 15 байгууллага 10 хувиар ажиллаж байгаа. Энэ үед коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл дараах арга хэмжээг авахыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс зөвлөлөө.
Аж ахуйн нэгж, байгууллага бүр коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна.
Коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ (100), НЭМҮТ (119) шуурхай мэдээлнэ.
“Сэжигтэй тохиолдол” гэж халуурах, ханиах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг хэлнэ.
“Ойрын хавьтал” гэж 15 минутын турш сэжигтэй тохиолдолтой 1 метрээс дотогш зайнд харьцсан хүнийг хэлнэ.
“Тусгаарлах өрөө” гэж анхны тусламжийн цомог, амны хаалт, нэг удаагийн халад, гар халдваргүйжүүлэгч, бээлий, хог хаягдлын уут зэрэг хэрэгслээр хангасан өрөөг хэлнэ.
Коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ:
Байгууллагын удирдлага коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах 2-3 ажилтныг урьдчилан томилсон байна.
Байгууллагын хүний нөөцийн ажилтан удирдлагад мэдээлж, ХӨСҮТ (100), (80086829), (119) дугаарын утсанд дуудлага өгнө.
Сэжигтэй тохиолдлын мэдээлэл авмагц томилогдсон ажилтан тусгаарлах өрөөнөөс амны хаалт, нэг удаагийн халад, бээлий, улавч өмсөж, тухайн хүнийг тусгаарлах өрөөнд хүргэнэ.
Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал тусгаарлах өрөөг битүүмжилнэ.
Ойрын хавьтлыг тандалт судалгааны баг ирэх хүртэл ажлын өрөөнд нь тусгаарлана.