Засгийн газрын хуралдаанаар энэ сарын10-наас 25-ныг хүртэл улаан түвшинд шилжих шийдвэр гаргаж хөл хорио тогтоосон билээ. Энэ нь Улаанбаатар хотод гамшгийн үеийн дөрөв дэх удаагийн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тогтоогоод байгаа юм. Энэ удаагийн хөл хорио Ням гарагаар дуусгавар болно.
Гэхдээ ХӨСҮТ-өөс хатуу хөл хориог 28 хоногийн хугацаатай тогтоож байж халдварын тархалтын гинжин хэлхээг тасалж чадах ба үр дүнд хүрнэ гэж мэдээлж байгаа. Мөн хөл хорионы дэглэмийг сунгах саналтай байгаагаа Эрүүл мэндийн яам илэрхийлээд байгаа талаар ЭМЯ-ны цаг үеийн мэдээллийн үеэр хэлсэн.
Тэгвэл МУИС-ийн судлаачид өнөөгийн халдварын бодит нөхцөл байдлаар шинэчилсэн бас нэгэн тооцооллыг гаргасан байна.
Тодруулбал,
Хэрэв энэ удаагийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг 7 хоног сунгавал дөрөвдүгээр сарын 25-наар хөл хориог цуцалсантай харьцуулахад нийт халдвар авч батлагдсан хүний тоо есдүгээр сарын 1-н гэхэд ойролцоогоор 70,000 болж, нэмж 20-30 орчим мянган хүн халдвар авахаас сэргийлэх бөгөөд нас баралт одоогийн хурдаар 250-300 хооронд хэлбэлзэж, 100 орчим хүний амь нас аварна гэж тооцоолсон байна.
Хэрэв дахин 7 буюу нийт 14 хоног сунгавал халдвар авч батлагдсан нийт хүний тоо есдүгээр сарын 1-н гэхэд ойролцоогоор 60,000 болж, нэмж 30,000 орчим хүн халдвар авахаас сэргийлэх бөгөөд 150 орчим хүний амь нас эрдэхээс сэргийлэх боломжтой гэсэн тооцоо гаргажээ.
Л.Баяр