ХӨСҮТ-ийн нэр бүхий эмч, ажилчид хуурамч шинжилгээний хариу үйлддэг гэх асуудалд тус төвийн захирал Л.Баттөр тайлбар хийлээ.
Тэрбээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаанаас хойш тодорхой тооны ажилтан, албан хаагчдыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа. Шалгалтын үйл ажиллагаа одоо ч гэсэн үргэлжлээд явж байна. Гэхдээ ХӨСҮТ-ийн нэр дээр “тийм тийм хүмүүс шалгагдаж байна, тэдгээр хүмүүст арга хэмжээ авлаа” гэсэн зүйл хуулийн байгууллагаас албан ёсоор ирээгүй. Тийм учраас ямар албан тушаалтан, эмч мэргэжилтнүүд шалгагдаж байгааг хэлэх боломжгүй. Аливаа асуудалд буруутай эсэхийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоогоогүй энэ үед бид хэнийг ч буруутай гэж үзэх боломжгүй.
Алдаа гаргасан байж магадгүй цөөн тооны хүнээс болж бүхэл бүтэн ХӨСҮТ-ийн 850 гаруй эмч, мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарынхны нэр хүндэд халдаж байгаа явдалд манай салбарынхан сэтгэл дундуур байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр батлагдаагүй мэдээллийг цацаж, ард иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийж байгаагаас үүдэн ажилтан, албан хаагчид маань сэтгэл зүйн хувьд хүнд байдалд байна.
““
Цар тахал улам өргөн хүрээнд тархаж байгаа энэ үед эмч, мэргэжилтнүүд маань үндсэн ажлаа хийх шаардлагатай. Тийм учраас олон нийтдээ хандаж батлагдаагүй мэдээлэлд үндэслэж, нийт эрүүл мэндийн салбарынханд хүнд дарамт үзүүлэхгүй байгаач ээ гэж хүсмээр байна. Хууль хяналтын байгууллагын шалгалтын ажил дуусахаар тодорхой арга хэмжээнүүд аваад явна” гэлээ.
Л.Баяр