АНУ-ын Чикаго хотод амьдардаг монгол залуу гудамжинд явж байхдаа азиудыг ялгаварлан гадуурхагчидтай таарч, биедээ хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр баруун гуяндаа буудуулж, ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд их хэмжээний цус алдсан учраас яаралтай цус сэлбэж, амь насыг нь аварсан аж. Тус иргэн ухаан орсон ч биеийн байдал нь хүндэвтэр байгаа аж.
Тус иргэнтэй АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам холбогдохоор ажиллаж байгаа юм байна. Мөн Чикаго дахь монголчууд тус иргэнд анхаарал тавьж, тусалж байгааг эх сурвалж мэдээлэв.
АНУ-д Монгол Улсын 30 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч байгаагаас 5000-8000 гаруй нь Чикаго хотод байдаг байна. Иймээс тус хотод Консулын газар байгуулахаар зэхэж байгаа юм.
Дашрамд дурдахад, дэлхий нийтэд цар тахал бүртгэгдсэнээс хойш АНУ-ын зарим муж, хотод ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах, гудамж талбайд явж байхад, үйлчилгээний газраар үйлчлүүлж байхад нь гэнэт биед халдаж, зодож, хүнд гэмтэл учруулах үзэгдэл олноор гарсаар байгаа юм.
Иймд гадаадад, ялангуяа АНУ-д амьдарч байгаа монголчууд маань анхаарал болгоомжтой байж, өөрсдийгөө хамгаалж, олон нийтийн газар, гудамж талбайгаар явахдаа байнга сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Л.Баяр