УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж хуульчилсан. Энэхүү зарчим гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, мөрдөн шалгах, гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцэх бүхий л процесст эхнээс нь дуустал үйлчлэх учиртай.
Эрүүгийн процессийн үндсэн “оролцогчид” болох мөрдөгч прокурор, шүүгч нарт яллах ба цагаатгах нотлох баримтыг бүгдийг тэгш цуглуулах, үнэлэх, аль нэг талыг хэт баримталж, давуу байдлыг олгох буюу гаргахгүйгээр шүүх хуралдаанд талууд мэтгэлцэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдөэрлэх ажиллагааны суурь зарчим болгож хуульчилсан.
Өөрөөр хэлбэл сураг ажгаар, олон нийтийн сэтгэл зүйгээр, эсхүл танил тал, албан тушаалтан, хувь хүний нөлөөллөөр шүүхэд ирээгүй баримт мэдээлэл, сэжиг таамаг, сэтгэл хөдлөлд үндэслэж шийдвэр гаргаж болохгүйг зааж өгсөн байна.
Үндсэн хууль болон түүний үзэл баримтлалд үндэслэн гарсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмуудыг бүхэлд нь дүгнэвэл “Нотол. Нотолж чадахгүй бол цагаатга” гэх зарчмыг манай улс үндэсний хууль тогтоомждоо нутагшуулсаар ирсэн байна.
Үүнийг “Нэг гэмгүй хүнийг хилсээр ялласанд орвол зуун гэмт хэрэгтнийг сулла” гэдэг хэлц үгээр ч илэрхийлсэн нь байдаг. Товчдоо гэмт хэрэгтнийг олж илрүүлэх, гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, түүнд ял шийтгэл ногдуулах нь төрийн үндсэн чиг үүрэг, хийх ажил бөгөөд хэрэгтнээр өөрөөр нь хэргийг нь нотлуулах, тулгах, хилс ял шийтгэхээс төр үргэлж зайлсхийж, тийм хэлмэгдүүлэлтийг ямар ч үед гаргаж болохгүй, хуулийнхан тийнхүү хуулиас гадуур ажиллаж хэн нэгнийг хэлмэгдүүлэхийг хэзээ ч, хэрхэвч зөвтгөж болохгүй гэх суурь зарчим, хүний эрхийг хамгаалахад Үндсэн хууль, бусад хуулийн амин сүнс чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, шүүх нэг ч хүнд ял завшуулахгүй байх ба нэг ч хүнийг хилсээр шийтгэхгүй байх зарчмыг дэнслэхдээ юун түрүүн хоёр дахь зарчмыг эш үндэс болгож шийдвэрээ гаргана гэдгийг “эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх хуулийн заалт нотолж байна.
Гэтэл эдгээр хуулийн заалт, зарчимтай зөрчилдсөн, үгүйсгэсэн, шүүхээс хуралдааны үе шатанд (шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр бус) хэргийг прокурорт буцаах зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үйлчилж байгаа нь “нотолж чадахгүй бол цагаатгах” биш, “яаж ийгээд нотлоод ир” гэсэн агуулгатай болсноор:
-Шүүх хуралдаанд яллах дүгнэлт үйлдэж орсон прокурорын “хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн” тайлбаргүй саналыг үндэслэж буцаах нь шүүгч, прокурорт авлига өгөх, шүүхээс хэргийг үнэн бодитойгоор шийдвэрлэх боломжийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ бол шүүхийн эцсийн шийдвэрийг үгүйсгэсэн, прокурор нь шүүхийнхээ дээр гарсан, шүүгдэгчийн зүгээс ял шийтгэгдэхгүй байхын тулд прокурорт нөлөөлөх замаар хэргээ буцаалгаж хугацаа хожих, улмаар ял завших, авлига болон бусад хууль бус нөлөөлөл үзүүлэх сэдэл, хийдлийг үүсгэсэн;
-Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах эрх хэмжээ нь шүүгдэгчийн гэм бурууг шүүхээр дахин хэлэлцүүлэхээс өөр аргагүй болгож, дэлхий нийтэд хүлээн зөвшеөрсөн “double jeoparty” буюу шүүгдэгчийн гэм бурууг нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчсөн;
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, зардлыг нэмэгдүүлж, оролцогчдыг чирэгдүүлэх нөхцөлийг бий болгосон;
-Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхэд хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл өгөх, доод шатны шүүхийн шударгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, шүүгч, прокурор нар хэлэлцэн тохиролцож хугацаа авах замаар гэм буруутай этгээдэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ял завшуулах боломж олгосон;
-Мөрдөн байцаалтын шатанд хэргийг удаах, хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхөнгүүт шүүхэд хэргийг шилжүүлэх, улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгонгуут энэ нь шүүхийн хийсэн алдаа завхрал мэт сэтгэл зүйг олон нийтийн дунд үүсгэх зэрэг хуйвалдааны сүлжээ бий болгосон;
-Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, гэм буруугаа хүлээн эөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах эрхийг зөрчиж, шүүх хуралдааны үед зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл шинээр ял сонсгохын тулд хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг хэрэглэх боломжийг бүрдүүлсэн зэрэг олон ноцтой сөрөг үр дагавар үүсгэж байна гэж хууль санаачлагчид үзжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд:
1.Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагатай болсон, эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан болон нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн талаар талуудын гаргасан гомдлыг шийдвэрлэх нөхцөлд шүүхээс хэрэг хянан хэлэлцэхийг нэг удаа 30 хүртэл хоногоор хойшлуулж шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах;
2. Хэргийн бодит байдлыг тогтоох, оролцогчдын эрхийг хангах, хэргийг буруу тусгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн алдааг засах, дутуу хийсэн мөрдөн шалгах ажиллагааг нөхөж хийх зорилгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг хэвээр үлдээж, шүүхийн шатанд болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах заалтыг хүчингүй болгох зохицуулалтыг нэмэхээр хуулийн төсөлд тусгажээ.
Ингэснээр шүүх, прокурорын байгууллагад улс төрд нөлөө бүхий этгээдээс дарамт шахалт үзүүлэх, авлига өгөхөөс урьдчилан сэргийлэх нэг боломж бүрдэх бөгөөд Үндсэн хуулиар баталгаажсан шүүхийн бие даасан байдлын зарчим, прокурорын гаднын нөлөвнд үл автах зарчим, гэм буруугийн зарчим, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэм бурууг нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчиж, гэм буруутай этгээдэд ял завших боломж олгож буй хуулийн хийдлийг залруулах ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж байна.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс