Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр энэ сарын 5-нд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын тэргүүн ахлагч, салаа, салбарын даргалах ахлагч нартай цахимаар хуралдав.
Тэрбээр, “Зэвсэгт хүчний 326 дугаар ангид гарсан асуудалтай холбогдуулан нэгтгэл, ангиудын тэргүүн ахлагчаас дэд ахлагч хүртэл Цэргийн нийтлэг дүрмийг ягштал биелүүлэхэд онцгой анхаар. Цэргийн нийтлэг дүрэм бол мөрдэс зүүсэн цэргийн бидний Үндсэн хууль юм бөгөөд бүх харилцаа дүрмийн хүрээнд явагдах ёстойг ЗХЖШ-ын дарга хатуу анхааруулсныг уламжлав.
Үргэлжлүүлэн аливаа зөрчил, дутагдлыг гарсны дараа биш гарахаас өмнө урьдчилан сэргийлж, ахлагчийн бүрэлдэхүүнийхээ сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэхэд тухайн нэгтгэл, ангиудын даргалах албан тушаалын ахлагч нар идэвх санаачилгатай ажиллахыг захилаа.
Мөн цэргийн ёсоор захирахаас гадна хүний ёсоор хайрладаг сайхан уламжлал монгол цэргийн түүхэнд байдгийг ч иш татан онцолж, 2021 онд ахлагчийн бүрэлдэхүүний эрүүл мэнд, бие бялдрын бэлтгэжилтийг дээшлүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд ахлагч бүрийн оролцоо чухал” гэж хэлсэн байна.
Б.Эрдэнэ