Дундговь аймгийн нийт нутгийг хамран есөн хүний амь эрсэдсэн байгалийн аюулт үзэгдэл болсон гуравдугаар сарын 14-нөөс хойш гамшигт өртсөн малчдад туслах хандивын аян өргөн хүрээг хамран өрнөж байна.
Гуравдугаар сарын 28-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас аймгийн Онцгой комисст 84,738,906 төгрөг, 316,102,000 төгрөгийн биет хандив, 15 сумын Онцгой комисст 84,959,965 төгрөг, 32,488,000 төгрөгийн биет хандивыг өргөсөн байна. Аймгийн нийт дүнгээр энэ хугацаанд 518,288,871 төгрөгийн хандив цугларчээ.
Байгалийн энэ аюулт үзэгдэлд хүчин мөхөсдсөн Дундговь аймгийн малчдад хандив өргөсөн нь зөвхөн тус аймгийн уугуул, суугуул иргэд байсангүй. Говийн малчдад Монгол орны өнцөг булан бүрээс, мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд хандив өргөж, байгалийн давагдашгүй хүчинд мөхөдсөн нэгэндээ сэтгэл санааны том дэмжлэг үзүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар 15 суманд 30 гэр, 20053 боодол өвс, 1500 шуудай тэжээл, 640 ширхэг хүнсний багц, 49,5 сая төгрөгийг тус тус хуваарилан нийт 369,080,000 төгрөгийн хандивыг зарцуулсан байна.
Дундговь аймгийн Онцгой комисс