Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60, Монгол хүн сансарт ниссэний болон Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэн энэ сарын 22-нд “Русский Дом в Улан-Баторе” (хуучнаар ОШУСТ)-д нээлтээ хийсэн билээ.
Монгол Улсын Архивын ерөнхий газар, ОХУ-ын ШУА-ийн архив, Монгол Улсын ШУА-ийн Одон орон, Геофизикийн хүрээлэн, Монголын үндэсний музей, МОНЦАМЭ агентлаг, Монгол цэргийн музей, Монголын уран зургийн галерей, Монголын аеронастикийн холбоо, Дү-дү хүүхдийн сансрын музей, Монголын сансрын технологийн холбоо, Марс-В төсөл, Монсаат хөтөлбөр, МУИС-ийн Мазаалай хөтөлбөр зэрэг байгууллага болон хувь хүмүүс оролцсон уг үзэсгэлэнгээр дамжуулан Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол Улс НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталсан конвенцуудад нэгдсэн тухай, ЗХУ-ын сансрын нисэгчдэд “БНМАУ-ын баатар” цол олгосон зарлигууд болон Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явцыг харуулсан сонирхолтой баримтуудыг анх удаа дэлгэн үзүүлж буй.
Л.Баяр