Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний нэг хэсэг ажлын байрыг дэмжих хүрээнд одоогоор 1022 иргэн, 186 аж ахуйн нэгжид 75,3 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.
Ажлын байрыг дэмжих зээлийн тухайд 30 хувь нь дахин зээл, 70 хувь шинээр олгох зээлийн санхүүжилт байхаар төлөвлөсөн бол статистик мэдээллээр, 74,4 тэрбум төгрөг буюу 99 хувийг нь шинээр, 1 тэрбум төгрөг буюу 1 хувьд нь дахин санхүүжилт олгожээ.
Энэ сарын 24-ны байдлаар нийт 30 665 зээлдэгчээс 4,2 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн аж. Судалгаанд байгаа 7078, судлаагүй, хүлээгдэж буй 22900, татгалзсан 650 хүсэлт байв. Мөн өдрийн байдлаар “Хаан банк” 605 зээлдэгчид 46,2, “Төрийн банк” 554 зээлдэгчид 23,6, “Голомт” банк 17 зээлдэгчид 4,2, “Хас” банк 30 зээлдэгчид нэг тэрбум, “Капитрон” банк хоёр зээлдэгчид нэг зуун сая төгрөг олгожээ.
Банкууд 650 зээлдэгчийн 141,4 тэрбум, 451 аж ахуйн нэгжийн 126,6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн.Ийнхүү татгалзсан шалтгаан нь онлайнаар зээлийн хүсэлт илгээсэн ч харилцагчтай банк нь эргээд холбогдоход чадаагүй, зориулалтын дагуу хүсэлтээ гаргаагүй, өргөдөл буруу бичсэн, банкны шаардлага хангаагүй, зээлийн судалгаа дутаа, зээлийн муу түүхтэй байв. Аж ахуйн нэгжийн тухайд ажил эрхэлсэн хугацааны журам, өр авлагын харьцааны шаардлага хангаагүй, зээлийн эрсдэлийн үнэлгээ муу, зээл олгох мэдээлэл, бичиг баримт хангалтгүй шалтгаантай аж.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр нөхцөл байдалтай “Хаан” банкны салбарт очиж танилцсаны дараа төв банканд уулзалт хийв. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ажлын байрыг дэмжих зээл олгоод хоёр долоо хонолоо. Зээл олголт хэвийн байгаа. Муу зээлийг жагсаалтаас хасах тухайд зээлийн зөрчлийн судалгаа хийж байна. Тодорхой шийдвэр гаргах боломжтой. Төв банк арван их наядын төлөвлөгөө хэрэгжүүлснээс хойш ипотекийн 126 тэрбум, репо санхүүжилтээр 168 тэрбум төгрөгийн зээл гаргасан”-ыг мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ: “Цар тахлаас үүдэн төв банканд 7,9 их наяд төгрөг түгжигдсэн, төсөв 23 орчим хувиар тасарсан, арга хэмжээ авахгүй бол 120-130 орчим мянган ажлын байр алдах, эдийн засаг -6 хувийн агшилттай нөхцөл байдалд хамтарч ажиллах гарааны цэгээ тодорхойлж байсан. Өнгөрсөн 21 хоногт 75,3 тэрбум төгрөгийг 1208 зээлдэгчид өгсөн нь чамлахаагүй үр дүн. Шинэ зээл илүү олгож байгаа нь сайн мэдээ. Зах зээлийн эрэлтэд нийцсэн багц гэдэг нь харагдаж байна” хэмээн онцлов.
Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс