БШУЯ-ны удирдлагын баг УИХ-ын эмэгтэй гишүүдтэй өглөөний уулзалт зохион байгууллаа. Уулзалтад БХБЯ, БОАЖ-ын сайд болон төлөөлөл оролцсон юм. Энэ удаагийн уулзалтын үеэр хоцрогдол нөхөх цогц төлөвлөгөө болон, сургууль цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг хэрхэн сайжруулах талаар санал солилцлоо.
Энэ хичээлийн жилд нийт хичээл сургалтын үйл ажиллагааны 45 хувийг зайнаас буюу теле, цахим хэлбэрээр олгосон байна. Оршин суугаа байршил, цахим төхөөрөмжийн хангалт, амьжиргааны түвшин, эрчим хүчний хангалт зэргээс хамаараад теле болон цахим сургалтад хамрагдаж чадахгүй байгаа 174 мянган хүүхэд байна.
Танхимын сургалт доголдсон нөхцөл байдал дэлхийн бусад улс орнуудад ч мөн үүссэн. Бусад орнууд энэ байдлаа хэрхэн шийдвэрлэж байгаа арга туршлагыг судалж, өөрийн оронд нутагшуулах боломжтой хувилбаруудаас сонголт хийгээд байна. АНУ-ын 3 tires, Англи улсын 3R загварчлал хамгийн үр дүнтэй гэж тооцов. Хоцрогдол нөхөхөд 3 орчим жил шаардлагатай гэсэн тооцоолол гаргалаа. Ингэхдээ ерөнхий, нэмэлт, тусгай гэсэн гурван төрлийн дэмжлэгийг сурагчдад үзүүлэхээр төлөвлөж байна.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэнэ гэж тусгаж БШУЯ-нд энэ ажлыг хариуцуулсан. Засгийн газрын хуралдаанд асуудал оруулсны дагуу ариун цэврийн байгууламжийг шинэчлэх асуудалд БХБЯ, БОАЖЯ-ны оролцоог хангахаар болсон юм. Хөрс, ус, орчны судалгааг хийх, зөв технологийг сонгох зэрэгт салбар дундын хамтын ажиллагаа чухал байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, дотуур байр нийлээд 819 газарт нүхэн жорлон ашиглаж байна. Орон нутгийн сургуулиудын 43 хувь, дотуур байрын 49 хувь, цэцэрлэгийн 23 хувь нь гаднаа нүхэн жорлонтой байна. Нийслэлд 7 сургууль цэцэрлэг байна.
Ариун цэврийн байгууламжийг шинэчлэхдээ сургууль, цэцэрлэг дотуур байрын хүүхдийн багтаамжтай уялдуулна. Мөн аль бүс нутагт байхаас хамаараад өөр өөр технологи сонгох шаардлагатай болж байгаа юм.
Эх сурвалж: БШУЯ